НүүрНийгэмУлсын хэмжээнд 52,324 галт зэвсэг бүртгэлтэй байна

Улсын хэмжээнд 52,324 галт зэвсэг бүртгэлтэй байна

Хууль зүй, дотоод хэргийн яам Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж дуусгаад байна. Төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа аж.

Монгол Улс галт зэвсгийн харилцааг зохицуулах хуулийг анх 2001 онд баталсан. Улмаар 2015 онд шинэчлэн найруулснаас хойш 10 гаруй жил өнгөрсөн тул салбарын зохицуулалтыг шинэчлэх шаардлага үүссэн гэж үзжээ.

Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлийн сангийн мэдээллээр, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд иргэн болон хуулийн этгээдийн өмчлөлд нийт 52,324 галт зэвсэг бүртгэлтэй байна. Үүнээс 50,627-г нь иргэд, 1,697-г нь аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа юм.

Бүртгэлтэй галт зэвсгийг зориулалтаар нь ангилбал:

  • спорт-сургалтын чиглэлээр 2,521;
  • харуул хамгаалалтад 1,103;
  • үзмэр, цуглуулгын зориулалтаар 595 галт зэвсэг бүртгэгджээ.

Мөн жил бүр дунджаар 1,500 орчим галт зэвсгийг иргэд, хуулийн этгээдүүд шинээр худалдан авч өмчилдөг байна. Галт зэвсэг ашигласан спорт, сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг есөн байгууллага идэвхтэй ажиллаж, тэдгээрт жилд давхардсан тоогоор 1,000 гаруй хүн тогтмол хичээллэдэг аж.

Түүнчлэн улсын хэмжээнд жил бүр 10 гаруй уламжлалт тэмцээн тогтмол зохион байгуулагдаж байна. Иймээс спорт-сургалтын зориулалттай буудлагын үйл ажиллагаа, аюулгүй байдлын стандартыг шинэчилсэн найруулгын төсөлд илүү нарийвчлан тусгажээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан хүний аюулгүй байдлыг хангах, иргэнийг гэмт хэрэг, халдлагын золиос болохоос урьдчилан сэргийлэх зорилтыг үндэслэсэн байна. Мөн Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан орон нутгийн хамгаалалт, олон нийтийн аюулгүй байдал, хууль сахиулах салбар болон үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх бодлоготой уялдуулжээ.

Шинэчилсэн найруулгад галт зэвсэг болон сум худалдах төвүүд, импортлогч, үйлдвэрлэгч, борлуулагчдад тавих шаардлагыг илүү тодорхой болгохоор тусгасан байна. Мөн тэдгээрт тавих хяналтын механизмыг нарийвчилж, хариуцлагын зохицуулалтыг сайжруулах чиглэл баримталжээ.

Үүнээс гадна далд эргэлтэд байгаа галт зэвсгийг хууль ёсны бүртгэлд хамруулах зорилгоор бүртгэлгүй зэвсгийг тодорхой хугацаанд нөхөн бүртгүүлэх шилжилтийн үеийн зохицуулалтыг төсөлд тусгайлан оруулсан байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд