2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой түүхэн дурсгалт зүйлс, тэр дундаа дуучин Шакирагийн тайзны хувцсыг тэмцээний шигшээ тоглолтын дараа “Christie’s” дуудлага худалдааны газраас зохион байгуулах буяны дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Энэ тухай тус байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн байна.
“Christie’s” болон “Global Citizen” байгууллагууд хамтран 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий дараа Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) иргэний боловсролын санд зориулж цахим хэлбэрээр тусгай дуудлага худалдаа зохион байгуулахаа зарлалаа. Дуудлага худалдаагаар тэмцээний эхний гурван нээлтийн тоглолтод ашигласан бөмбөгнүүд, мөн түүхэнд анх удаа зохиогдсон “Global Citizen Halftime” шоуны үеэр Шакира, BTS, Мадонна нарын тайзнаа ашигласан, одоогоор хараахан зарлагдаагүй байгаа эд зүйлсийг танилцуулах юм” гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.
Хандивын зорилго ба хугацаа
Дуудлага худалдаа 7-р сарын 22-ноос 29-ний хооронд “Christie’s”-ийн цахим хуудаснаа явагдана. Орлогыг бүхэлд нь ФИФА-гийн Глобал боловсролын сан болон ядууралтай тэмцдэг “Global Citizen” ашгийн бус байгууллагад хандивлах юм. Эдгээр хөрөнгийг дэлхийн 200 орны хүүхдүүдэд боловсрол эзэмших, хөлбөмбөг тоглох боломжийг бүрдүүлэхэд зарцуулна.
Дуудлага худалдааны онцлох үзмэрүүд
“The Athletic” хэвлэлийн мэдээлснээр, дуудлага худалдаанд орох зүйлс дунд Лионель Месси, Рауль Хименес болон АНУ-ын шигшээ багийн тоглогчдын гарын үсэгтэй өмсгөлүүд, шигшээ тоглолтын албан ёсны бөмбөг, нээлтийн тоглолтуудын бөмбөгнээс гадна Шакирагийн тус тэмцээний албан ёсны дуу болох “Dai Dai” клипэндээ өмссөн хувцас багтжээ.
2026 оны ДАШТ-ий шигшээ тоглолт 7-р сарын 19-нд Нью-Жерси мужийн “Метлайф” цэнгэлдэх хүрээлэнд Испани болон Аргентины шигшээ багуудын хооронд болно. Харин Франц, Английн багуудын хүрэл медалийн төлөөх тоглолт мөн тэр өдөр Маями хотод зохиогдох юм.
