Олон улсын олимпын хороо (ОУОХ) мягмар гарагт /2026.07.07/ ОХУ-ын олимпын хорооны үйл ажиллагааг хязгаарлаад байсан шийдвэрээ түр хугацаагаар цуцлах алхам хийлээ. Reuters агентлагийн мэдээлснээр, энэхүү шийдвэр гарснаар хойд хөршийн тамирчид Лос-Анжелесийн олимпын наадмын эрх олгох тэмцээнүүд болон бусад дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд хүч үзэх үүд хаалга нээгдэж байна.
Хориг тавих болсон шалтгаан ба цаашдын зохицуулалт
Өмнө нь ОХУ-ын олимпын хороо Украины зарим мужуудын олимпын зөвлөлүүдийг өөрийн бүрэлдэхүүнд хүлээн зөвшөөрсөн тул ОУОХ-ноос 2023 оны аравдугаар сард тэдний үйл ажиллагааг түдгэлзүүлээд байсан юм. Үүнд Оросын талын хяналтад орсон дараах бүс нутгууд хамаарч байжээ.
- Луганск, Донецк
- Херсон, Запорожье
Шинэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр тамирчид олон улсын тавцанд эргэн ирэх боломж бүрдэж байна. Гэвч уралдааны үеэр ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүлэх эсвэл улсынхаа тугийг мандуулах эсэх асуудлыг хараахан эцэслэн шийдээгүй байгаа аж.
“Тамирчид дайны төлөөс төлөх ёсгүй”
Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Кирсти Ковентри энэхүү шийдвэрийн цаадах шалтгааныг тайлбарласан байна. Тэрбээр спортын салбар дахь шударга ёсны зарчмыг хөндөн ярьжээ. Тэрбээр “Украины дайн болон ямар нэгэн дайныг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Дайн эхэлснээс хойш Украиныг дэмжиж ажилласнаа үргэлжлүүлнэ. Гэхдээ дайны төлөөсийг тамирчид төлөх ёстой гэж би бодохгүй байна. Засгийн газрынхаа үйлдлийн улмаас тамирчдад хариуцлага тооцох хүсэлгүй байна” гэжээ. Үүнээс гадна ОУОХ цаашид ч Украины талыг тууштай дэмжихээ илэрхийлэхийн зэрэгцээ спорт болон улс төрийг зааглах чиг шугам баримталж буйгаа ийнхүү мэдэгдлээ.
