Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаан эхэлж, Улаанбаатар хотын дараагийн Засаг даргыг тодруулахаар төлөөлөгчид хуралдаж байна. Тус хурлын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээний санхүүгийн үр дүн болон хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар чухал мэдээллүүдийг танилцууллаа. Тэрбээр хотын удирдлагын багт 1990-ээд оны залуу үе түрэн орж ирж буйг сайшааж, нэр дэвшигч Б.Пүрэвдагвыг залуу хүний хувьд бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн тэрбээр сүүлийн үед олон нийтийн шүүмжлэл дагуулаад байсан марафоны төсвийн талаарх бодит тоо баримтыг тайлбарлаж, эл гүйлтийн тэмцээнийг зохион байгуулахад нийслэлийн төсвөөс 900 сая төгрөг зарцуулсныг дурдлаа. Тэмцээний бэлтгэл ажил, шагнал урамшуулалд зориулсан эл хөрөнгө оруулалт нь эргээд ивээн тэтгэгчид болон оролцогчдын хураамжаар 1.2 тэрбум төгрөгийн орлого болон орж ирсэн байна. Ингэснээр Улаанбаатар марафон сүүлийн 11 жилийн түүхэндээ анх удаа хотод ямар нэгэн алдагдалгүй буюу ашигтай төсөвтэй өндөрлөсөн бөгөөд цаашид уг тэмцээнийг хувийн хэвшлийнхэнд хариуцуулан зохион байгуулж байхаар шийдвэрлэжээ.
Түүнээс гадна хотын тулгамдсан асуудал болох агаарын бохирдол болон ирэх өвөлжилтийг хангах хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдаж, 2026-2027 оны өвөл түлэх нүүрсний хангамжийг хэлэлцсэн байна. Багануурын уурхайг түшиглэн баригдаж буй хагас коксын үйлдвэр ирэх жилийн өдийд хотыг дотоодын түлшээр хангах боломжтой болох ч ирэх өвлийн улиралд манай улсад бэлэн хагас коксын үйлдвэр байхгүй хэвээр байна.
Нийслэлийн орлогч дарга А.Амартүвшингийн танилцуулсан хотын ирэх өдрүүдийн онцлох ажил, төлөвлөгөөг багцалбал:
- Түлшний импортын тендер: Ирэх сарын дундуур олон улсын тендер зарлаж, өнгөрсөн жилийн адил гадны орнуудаас 280 мянган тонн хагас кокс түлш худалдан авч нөөцөлнө.
- Төв талбайн асар: Сүхбаатарын талбайд зассан цагаан асрыг Ерөнхий сайдын зүгээс яаралтай буулгах чиглэл өгөөгүй бөгөөд Хүүхдийн баярын маргааш хурааж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шилжүүлнэ.
- “КОП17” наадмын бэлтгэл: Дэлхийн байгаль орчны томоохон чуулган болох “КОП17” (COP17) арга хэмжээнд зориулж нийслэлийн төсвөөс нийт 70 тэрбум төгрөгийг батлан гаргаад байна.
