Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо тавдугаар сарын 17-ноос 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн Физикийн Олимпиад (APhO 2026) амжилттай болж өндөрлөлөө. Тус олон улсын нэр хүндтэй тэмцээнд дэлхийн 27 орны 211 шилдэг сурагч хуран цуглаж, физикийн шинжлэх ухааны мэдлэг, сэтгэхүйн ур чадвараараа гоцлон өрсөлдсөн байна.
Энэ удаагийн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг тамирчид гайхалтай чадвараа харуулж, нийт 7 сурагч шагналт байрт шалгарсан бахдам амжилтыг үзүүллээ. Дэлхийн шилдэг залуу физикчидтэй мөр зэрэгцэн уралдсан манай сурагчдын гаргасан амжилтыг нарийвчлан дурдвал:
- Хүрэл медаль: Г.Амармэнд (Дархан-Уул аймаг, Од сургууль), М.Мөнх-Оргил (НЕБ-ын 1 дүгээр сургууль), Б.Эрмүүн (Шинэ Mongol сургууль), Э.Ичинбат (Орхон аймаг, 1 дүгээр сургууль).
- Тусгай байр: А.Орхонтуул (МУИС-ЕБАС), Д.Энхтөгс (Absolute Elite сургууль), Г.Амар (НЕБ-ын 1 дүгээр сургууль).
- Амжилттай оролцсон: Т.Агарбат (Сант сургууль).
Сурагчдыг олон улсын түвшинд бэлтгэж, удирдан оролцуулсан баг хамт олны зүгээс асар их хичээл зүтгэл гаргасан юм. Тус олимпиадад Монголын багийн ахлагч болон ажиглагчаар ШУТИС-ийн багш, доктор Г.Зоригт, МУИС-ийн багш, доктор П.Мөнхбаатар, ШУТИС-ийн багш, доктор Х.Балт-Эрдэнэ, МУИС-ийн багш М.Отгонбаатар, Олонлог Эгзэ сургуулийн багш Э.Гүндалай болон МУИС-ийн оюутан Г.Батбаяр нар маш хариуцлагатай ажиллажээ.
Түүнчлэн БНСУ-ын Физикийн олимпиад зохион байгуулах хороо болон Физикийн нийгэмлэгийн тусгай урилгаар манай салбарын хүндэт эрдэмтэд хаалтын үйл ажиллагаанд төлөөлөгчөөр оролцсон байна. Тодруулбал, Монгол Улсын гавьяат багш, Улсын физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат, НЕБ-ын 1 дүгээр сургуулийн захирал, Улсын физикийн олимпиадын хорооны нарийн бичгийн дарга Р.Энхбат, Улсын физикийн олимпиадын хорооны гишүүн, МУИС-ШУС-Байгалийн Ухааны Салбар сургуулийн захирал, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр нар тус олимпиадын хаалтын ёслолд оролцож, баг тамирчдаа дэмжсэн байна.
