Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр нийт 24 залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээр хэргийн улмаас иргэд нийтдээ 115 сая орчим төгрөгийн хохирол амссан бөгөөд 19 хэргийн эзэн холбогдогчийг одоогоор мөрдөн шалгаж байна. Энэ нь ердөө ганцхан өдрийн статистик үзүүлэлт бөгөөд залилагчдын арга хэлбэр улам нарийсэж буйг анхааруулж байна.
Өчигдөр бүртгэгдсэн хэргүүдээс харахад иргэд сонор сэрэмж алдсанаас болж нэг дор их хэмжээний мөнгөө алдаж байна. Тухайлбал, 40 настай иргэн “Б” хусдаг сугалааны лайвт оролцож, 42 удаагийн гүйлгээгээр 19.6 сая төгрөгөө алджээ. Мөн 56 настай иргэн “Ө” фэйсбүүк дэх хуурамч газрын зарын дагуу 15 сая төгрөг шилжүүлж залилуулсан бол, 44 настай иргэн “О” найзынхаа хакердуулсан хаягаас ирсэн зурваст итгэж 3 сая төгрөгөө алдсан байна.
Түгээмэл бүртгэгдэж буй залилангийн аргууд
Цахим орчинд дараах төрлийн аргуудыг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх тохиолдол өдөр бүр бүртгэгдэж байгаа тул анхааралтай байхыг зөвлөж байна:
- Хурамч сугалаа, азтан: “Монгол саятан”, “Алтан аз” зэрэг хусдаг сугалааны лайв нэрээр иргэдийг олон удаагийн гүйлгээ хийлгэж төлбөр авах.
- Цахим даалгавар: Телеграмм болон бусад платформоор даалгавар биелүүлж, хурдан хугацаанд ашиг олох амлалт.
- Хуурамч зар: Газар, орон сууц зарах болон түрээслэх, виз мэдүүлэх, үнэт чулуу борлуулах зэрэг бодит бус зарууд.
- Цахим халдлага: Найз нөхөд, ойр дотнын хүнийх нь фэйсбүүк хаягийг хакердан “Яаралтай мөнгө зээлээч” гэх зурвас илгээх.
- Бараа захиалга: Сошиал орчинд бараа захиалж, урьдчилгаа төлбөр авсны дараа холбоо тасрах.
Цагдаагийн байгууллагын сэрэмжлүүлэг: Иргэд Та бүхэн цахим орчин дахь зар мэдээллийг сайтар судлах, мөнгө санхүүтэй холбоотой зурвасыг тухайн хүн рүү нь утсаар ярьж нягтлах, сугалаа зэрэг эрсдэлтэй дамжуулалтад итгэхгүй байхыг анхааруулж байна.

Ийм залилан өдөр бүр болж байгаад харамсалтай байна
Энгийн иргэд л хамгийн их хохирч үлддэг нь шударга биш