Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл хамтран “Наурызын баяр-2025” арга хэмжээг гуравдугаар сарын 22-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ арга хэмжээ нь казах түмний өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулах, үндэсний баярыг нийслэлийн хэмжээнд тэмдэглэх зорилготой юм. Төв талбайд болох баярын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулах юм байна:
- Казах үндэстний урлагийн тоглолт
- Жүжигчилсэн үзүүлбэрүүд
- Казах гэрийн тоноглол, соёлын үзэсгэлэн
- Кураш бөхийн барилдаан
- Үндэсний тоглоом, наадгай
- Казах хоолны амталгаа
- Гар урлалын үзэсгэлэн худалдаа
- “Монгол банхар”-ын хүрээ
Энэхүү арга хэмжээ нь олон нийтийг соёлын олон төрлийг танин мэдэх, үндэстэн ястны өв уламжлал, ёс заншлыг хүндэтгэхэд чиглэж буйгаараа онцлог.
Мөн сануулахад, 2024 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсын нэрийн өмнөөс “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгэн, Дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм.