Монгол Улсад судалгааны их сургууль үүсэж хөгжсөний 10 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн (МУЭИС) дэргэд “Монгол-Япон судалгааны төв”-ийг нээх хүндэтгэлийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Тус нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, Японы Элчин сайдын яамны дэд тэргүүн Кондо Казүмаса тэргүүтэй төр, нийгэм, боловсролын салбарын зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид болон бизнесийн хүрээнийхэн өргөнөөр оролцов.
Төвийн зорилго ба үйл ажиллагааны чиглэл
Энэхүү судалгааны төвийг МУЭИС-ийн хүндэт доктор, Японы нэрт бизнес эрхлэгч Канто Масотошигийн санаачилгаар үүсгэн байгуулжээ. “Монгол-Япон судалгааны төв” нь хоёр орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, дараах үндсэн чиглэлүүдээр идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна:
- Хамтын ажиллагааг дэмжих: Хоёр улсын төр, хувийн хэвшил болон бизнесийн түншлэлийг шинэ шатанд гаргах;
- Төсөл, судалгаа хэрэгжүүлэх: Хамтарсан томоохон төсөл, хөтөлбөрүүд болон эрдэм шинжилгээний судалгааны ажлуудыг эхлүүлэх;
- Акамедик солилцоо: Оюутан, багш нарын академик солилцооны хөтөлбөрүүдийг идэвхжүүлэх;
- Залуу судлаачдыг бэлтгэх: Монголын залуу эрдэмтэн, судлаачдыг олон улсын өндөр түвшинд бэлтгэхэд гүүр болох.
Хоёр улсыг холбох оюуны гүүр
Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр үг хэлэхдээ, Монгол, Японы олон жилийн найрсаг харилцаа харилцан хүндэтгэл, итгэлцэл дээр тогтож ирснийг дурдаад, их сургуулиудын дэд бүтэц, олон улсын түншлэлд хувийн хэвшлийн оролцоо болон бизнесийн дэмжлэг нэн чухал байгааг онцоллоо. Тэрбээр “Монгол-Япон судалгааны төв” нь хоёр улсыг холбосон оюуны гүүр болж, ирээдүйн хамтын ажиллагааны бат бөх суурийг тавина гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэсэн юм.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь “Дэлхийд нэр хүндтэй орчин үеийн судалгааны элит их сургууль байна” гэсэн алсын хараагаа хэрэгжүүлж буй бөгөөд дэлхийн нэр хүндтэй байгууллагууд болон гадаадын орнуудтай хамтын ажиллагаагаа ийнхүү тууштай тэлсээр байна.
