Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит чуулганаар Гандангийн дэнж орчмын нутаг дэвсгэрийг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгон өөрчлөх түүхэн шийдвэрийг баталлаа. Уг тогтоолыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 53 хувийн саналаар дэмжсэн бөгөөд эхний шатанд тус дэнжийн зүүн хэсгийн 2.2 га газрыг чөлөөлөхөөр тусгажээ. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд тухайн байршилд ногоон байгууламж бүхий жишиг гудамж босох юм.
Төслийн нэгдүгээр шатны газар чөлөөлөх ажилд нийт 5600 гаруй айл өрх хамрагдах бөгөөд үүнд хотын төсвөөс 60 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Холбогдох албаныхан газар чөлөөлөлтийн ажлыг үе шаттай явуулах бөгөөд Гандан орчмыг шинэчлэн зохион байгуулах нарийвчилсан тоо баримтууд дараах байдлаар гарчээ:
- Зүүн талын 2.2 га нутаг дэвсгэрийн 1 метр квадратыг 1.2 сая төгрөгөөр үнэлж, газар чөлөөлөлтийг хийж байна.
- Эхний ээлжинд чөлөөлөх талбарт 69 нэгж талбар багтаж байгаа бөгөөд энд ногоон байгууламж бүхий худалдаа үйлчилгээний жишиг гудамж болгохоор төлөвлөж байгаа.
- Мөн ертөнцийн зүгээр зүүн урд хэсгийг чөлөөлөх нэгж талбар 21 буюу 0,7 га нутаг дэвсгэрт дан ногоон байгууламж барихаар төлөвлөж байна.
- Ерөнхийдөө гандан орчмыг 2015 онд баталж байсан тогтоолын дагуу дахин төлөвлөлт хийнэ.
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр тус төслийн ач холбогдол болон цаашдын төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ, “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд гандан орчмыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг. Өнөөдрийн оруулж ирж байгаа ногоон байгууламж болгох төсөл нь худалдаа үйлчилгээний гудамж төсөл буюу зүүн урсгалыг нээх эхний үе шат. Үргэлжлүүлээд баруун, урд гээд орц гарцыг нээхээр тусгасан” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Энэхүү томоохон төсөл хэрэгжсэнээр нийслэл хотын өнгө үзэмж сайжирч, жуулчдыг татах таатай орчин бүрдэх хүлээлттэй байна.
