Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд Эрдэнэт хотын шатахуун түгээх станцууд (ШТС) автобензин олгохгүй, түлшний хомсдол үүссэн талаар мэдээлэл тархаад байна. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өөрийн цахим хуудсаар дамжуулан, “Худал сэвэлт. Энийгээ больчих доо. Эрдэнэт хангалттай нөөцтэй байгаа” хэмээн тайлбар өгчээ.
Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар нийслэл болон орон нутгийн зарим ШТС-уудад шатахууны хомсдол үргэлжилж, дизель түлшний (ДТ) үнийг литр тутамд 400 төгрөгөөр нэмсэн тухай мэдээлэл гараад байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр энэ талаар хэлэхдээ:
“Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууны үнэд өөрчлөлт ороогүй. АИ-92 нь дотроо энгийн болон Евро-5 гэсэн хоёр төрөлтэй. Харин дизель түлшний үнэ нэмэгдсэн эсэхийн талаар бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй. Үнийн өөрчлөлт байгаа эсэхийг тухайн шатахуун түгээх станц дээр очиж шалгах боломжтой. Манай байгууллага шатахууны нийлүүлэлт, хангалтыг хариуцдаг бөгөөд үнийн бодлогод төрөөс хязгаарлалт тавих боломжгүй” гэжээ.
Шатахууны нөөцийн талаар:
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлснээр 2025 оны аравдугаар сарын 3-ны байдлаар улсын хэмжээнд нийт 169 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна. Үүнээс 102 вагон нь буулгалтын өртөөнд хүрээд байгаа аж.
Тээвэрлэлтийн дэлгэрэнгүй мэдээлэл:
- Дархан өртөөнд – 7 вагон
- Эрдэнэт өртөөнд – 11 вагон
- Рашаант өртөөнд – 16 вагон
- Толгойт өртөөнд – 50 вагон
- Улаанбаатар өртөөнд – 17 вагон
- Сайншанд өртөөнд – 1 вагон
Мөн Сүхбаатар өртөөнөөс нийт 62 вагон АИ-92 автобензин хөдөлж, дараах чиглэлүүд рүү хүргэгдэж байна:
- Улаанбаатар өртөө – 11 вагон
- Толгойт өртөө – 40 вагон
- Рашаант өртөө – 6 вагон
- Сүхбаатар өртөө – 5 вагон
Түүнчлэн Эрээн өртөөнд 45 вагон-цистерн АИ-92 автобензин орж ирсэн гэж яамнаас мэдээллээ.
