АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн хэлэлцээгээ амжилттай болсныг мэдэгдсэн тухай Mongolnews24.com мэдээллээ.
Хоёр орны удирдагчид Ардын их танхимд хоёр талын албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа “Тэнгэрийн сүм” (Тяньтань)-д зочилсон байна. Энэ үеэр Трамп болон Ши Жиньпин нар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчдөд зураг авхуулахаар түр саатах үед сэтгүүлчид хэлэлцээ хэрхэн болсныг лавлахад Трамп “Маш сайн” гэж хариулжээ.
Тэрээр үргэлжлүүлэн “Гайхалтай газар байна. Итгэмээргүй юм. Хятад улс үнэхээр үзэсгэлэнтэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Хятадын Төв телевизийн (CCTV) мэдээлснээр, Ши Жиньпин Трамптай Украин, Ойрхи Дорнодын асуудал болон Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцжээ.
Мөн талууд Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын удирдагчдын албан бус уулзалт болон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах талаар тохиролцоонд хүрсэн байна.
