АНУ руу жуулчлал болон бизнесийн зорилгоор зорчих Монгол иргэдэд 10 мянган ам.доллар дансандаа байршуулах шаардлага тавигдаж эхэлсэнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Энэ асуудлаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа хууль бус цагаачлалын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлж буйг онцлоод, үүний хүрээнд “Visa Bond” хөтөлбөрийг нэвтрүүлснийг дурдав. Анх 38 улсыг хамруулж байсан уг хөтөлбөрт сүүлд 12 улсыг нэмж, нийт 50 улс болгосны дотор Монгол Улс багтсан нь гэнэтийн шийдвэр болсон гэж тайлбарлалаа.
Л.Мөнхтүшиг “Бид Элчин сайдын яамны төлөөлөгчидтэй уулзаж, энэ шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн. АНУ-ын талд албан ёсны байр сууриа хүргүүлж байгаа бөгөөд шат дараатай арга хэмжээ авна” гэж мэдэгдэв. Мөн Монгол иргэд аяллын визийн хугацааг хэтрүүлэх асуудал хөндөгдөж байгааг дурдсан юм.
Энэ хүрээнд:
- “Хариуцлагатай аялцгаая” кампанит ажлыг дахин хэрэгжүүлэх
- Хууль бус үлдэлтийг бууруулах чиглэлд хамтран ажиллах
- АНУ-ын талтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг арга хэмжээг авч үзэж байгаа аж.
Түүнчлэн АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаярын бүрэн эрхийн хугацаатай холбоотой асуудалд тайлбар өгч, дипломат албаны хугацаа дөрвөн жил байдаг ч шаардлагатай тохиолдолд сунгах боломжтойг дурдлаа. Тэрбээр Ө.Батбаярыг сүүлийн жилүүдэд идэвхтэй, үр дүнтэй ажилласан хэмээн үнэлсэн байна.
