НүүрОлон улсын мэдээ"Аюултай хайр": Empire State барилгын оройд гэрлэх санал тавьсан хосууд баривчлагджээ

“Аюултай хайр”: Empire State барилгын оройд гэрлэх санал тавьсан хосууд баривчлагджээ

АНУ-ын Нью-Йорк хотын хамгийн алдартай бэлгэ тэмдэг болох 443 метр өндөр “Empire State” барилгын хамгийн дээд цэгт хууль бусаар авирч, гэрлэх санал тавьж буй үзүүлбэр үзүүлсэн ОХУ-ын хоёр иргэнийг цагдаагийнхан баривчилжээ. Өндрөөс айдаггүй, экстрем аялагч хосууд болох 33 настай Анжела Николау, 32 настай Иван Кузнецов нарыг лхагва гарагт баривчилж, пүрэв гарагт Нью-Йорк хотын эрүүгийн шүүхэд албан ёсоор танилцуулсан байна.

Хосууд цамхгийн орой дээр хар өнгийн хувцастай гарч, үнсэлцэн, энх тайвныг уриалсан утгатай хар туг дэлгэхийн зэрэгцээ гэрлэх санал тавьж буй мэт романтик боловч туйлын аюултай үзүүлбэрээ гүйцэтгэжээ.

Тэдэнд тулгаж буй эрүүгийн ял зүйл ангиуд

Нью-Йорк хотын хууль хяналтын байгууллага тэдний энэ үйлдлийг зүгээр нэг гэнэтийн бэлэг, романтик алхам гэж үзсэнгүй. Шүүхээс тэдэнд маш ноцтой хэд хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байна. Тухайлбал, хосуудыг хулгайн зорилгоор хууль бусаар нэвтэрсэн, бусдын амь нас, аюулгүй байдалд санаатайгаар эрсдэл учруулсан, эд хөрөнгө сүйтгэсэн, эд хөрөнгөд зөвшөөрөлгүй халдсан, олон нийтийн хэв журмыг алдагдуулсан болон гэмт хэрэг үйлдэхэд ашиглах тусгай багаж хэрэгсэл биедээ авч явсан гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ.

Рүүфтопперууд

Сая сая дагагчтай “Рүүфтопперууд”

Эдгээр хосууд нь үнэндээ залуусын дунд танил болсон ОХУ-ын иргэд бөгөөд өдгөө АНУ-ын Нью-Жерси мужид амьдардаг аж. Тэд дэлхийн хамгийн өндөр барилга, байгууламжуудын орой дээр ямар ч хамгаалалтгүй хууль бусаар авирч, зураг болон дүрс бичлэгээ цахим орчинд байршуулдгаараа алдаршсан “Рүүфтоппер” (Rooftopper) хүмүүс юм. Одоогоор Кузнецовын Инстаграм дахь @beerkus хаяг 500 мянга, харин Николаугийн хувийн хаяг даруй 1.8 сая дагагчтай бөгөөд тэд өмнө нь БНХАУ болон АНУ-ын Калифорни муж дахь тэнгэр баганадсан барилгуудыг “байлдан дагуулж” байжээ.

Мөрдөн шалгах байгууллагынхан тэднийг тус хамгаалалт өндөртэй барилгын 443 метр өндөр оргил хэсэгт яг ямар замаар, хэрхэн нэвтэрснийг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. Үйл явдлыг Нью-Йоркийн цагдаагийн газар болон тусгай нисдэг тэрэгнээс дээрээс нь хянаж байсан бөгөөд эцэст нь өндөрлөг газарт аврах ажиллагаа явуулах чиглэлээр мэргэшсэн Онцгой албаны нэгжийн (ESU) алба хаагчид тусгайлан авирч, тэднийг баривчилсан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд