“Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх өөрчилжээ. Түүнийг өчигдөр /2026.07.02/ Хорих 461 дүгээр ангиас суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Т.Мөнхдалайг өнгөрсөн зургаадугаар сарын 04-ний өдөр АТГ-аас яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.
Мөрдөх байгууллага түүнийг өнгөрсөн зургаадугаар сард /2026.06.04/ хойшлуулшгүйгээр саатуулсан. Улмаар шүүхээс прокурорын саналыг үндэслэн “…хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах,өөрчлөх, нуун далдах, хуурамчаар үйлдэх.. гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;” гэж үзэж, нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж байжээ.
Цагдан хорих хугацаа дуусаж байгаатай холбогдуулан прокуророос Т.Мөнхдалайг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Харин Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх уг саналыг хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна.
Шүүхийн шийдвэрээр авсан таслан сэргийлэх арга хэмжээ:
- Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах;
- хязгаарлалт тогтоох;
- нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох.
Ийнхүү “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг цагдан хорихоо зогсоож, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Тэрээр НЗД-ын орлогч асан Т.Даваадалайн дүү юм.
Түүний ах Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг мөн АТГ-аас мөрдөн шалгаж байгаа бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. Дээрх нэр бүхий хүмүүс болон Т.Даваадалайн эхнэрийн дүү Б.Билгүүн нарыг “Туулын хурдны зам”-ын төслүүдийн сонгон шалгаруулалтад орсон аж ахуйн нэгжүүдээс хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ давуу байдал олгож авсан мөнгөө ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнан их хэмжээний мөнгө угаасан, хамжигчаар оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буйг эх сурвалжууд мэдээлжээ.
