Түүхт ой давхацсан онцгой жил тохиож буйтай холбогдуулан наадмын бөхийн барилдааны зохион байгуулалтад томоохон шинэчлэл хийхээр хууль тогтоогчид хөдөлж эхэллээ. Энэ онд Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн тэгш ойнууд тохиож буй. Гэвч ирэх наадмаар 512 уу, эсвэл 1024 бөх зодоглох уу гэдэг нь одоог хүртэл эцэслэж шийдэгдээгүй байна. Энэхүү эргэлзээг цэгцлэх зорилгоор УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл, Н.Батсүмбэр, Э.Болормаа, Б.Тулга, Г.Хосбаяр нар Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг парламентад өргөн барилаа.
1024 бөх барилдуулах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг болно
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол зөвхөн 10 жил тутамд тэгш ойнууд давхцсан үед л 1024 бөх барилдуулж, бусад жилд 512 бөх зодоглохоор хуульчилсан байдаг. Харин шинээр өргөн мэдүүлсэн төслийн 1 дүгээр зүйлд хуулийн 9 дүгээр зүйлд 9.5 дахь хэсгийг нэмж оруулахаар тусгажээ. Уг заалтад “Монгол Улсын Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 9.1-д заасан хугацаанаас үл хамаарч Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ойг тохиолдуулан 1024 бөх барилдуулах шийдвэрийг тухай бүр гаргаж болно.” гэж заасан байна. Ингэснээр энэ жилийн баяр наадмын бөхийн тоог эцэслэн тогтоох онцгой бүрэн эрх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шилжих юм.
Аймгийн харцага цолыг сэргээж, цолтнуудын тоог нэмэгдүүлнэ
Хуулийн төслийн 2 дугаар зүйлд орон нутгийн наадмуудын чансааг өсгөж, бөхчүүдийн цолны үнэлэмжийг нэмэгдүүлэх өөрчлөлтийг тусгасан байна. Өмнөх 2022 оны зургаадугаар сарын 22-ны хуулиар аймгийн наадамд 128 бөх барилдаж, тав давсанд нь начин, зургаа давсанд заан, долоо давж түрүүлсэнд нь арслан цол олгож байв. Шинэ өөрчлөлтөөр аймгийн наадмын бөхийн тоог 256 болгон өсгөж, “аймгийн харцага” цолыг албан ёсоор сэргээхээр төлөвлөжээ. Хэрэв төсөл батлагдвал аймгийн баяр наадамд дараах давааны эрэмбээр цол олгохоор хуульчлах юм.
- Тав давсан бөхөд — Аймгийн начин
- Зургаа давсан бөхөд — Аймгийн харцага
- Долоо давсан бөхөд — Аймгийн заан
- Найм давж түрүүлсэн бөхөд — Аймгийн арслан
Аймгийн харцага цолыг хамгийн сүүлд 2023 оны наадмаар олгож байсан бөгөөд тухайн үед Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Б.Ренчинжүгдэр уг цолны болзол хангаж байжээ. Төсөл санаачлагч УИХ-ын гишүүн П.Сайнзориг нэгэн ярилцлагадаа “Тус өөрчлөлт нь аймгийн цолтой олон бөх төрж, бөхийн хөгжилд хувь нэмэр оруулна” хэмээн онцолсон байна. Үүний бодит жишээг Завхан аймгийн наадмын статистикаас харж болно. Тухайлбал, харцага цолгүй байсан 2025 оны наадамд ердөө гурван шинэ цолтон (начин, заан, арслан тус бүр нэг) төрсөн бол харцага цолтой байсан 2023 оны наадамд гурван начин, хоёр харцага, нэг заан, нэг арслан буюу нийт долоон бөх шинээр аймгийн цолд хүрч байжээ.
