HomeБоловсролСургуулийн дижитал шинэчлэлд ₮300-350 тэрбум шаардлагатай гэж тооцжээ

Сургуулийн дижитал шинэчлэлд ₮300-350 тэрбум шаардлагатай гэж тооцжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын орчныг цахимжуулах, сурагч бүрийг компьютер ашиглах боломжтой болгох бодлогыг хэлэлцжээ. Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн мэдээлснээр энэ нь хүүхдүүдийн мэдлэгийн хоцрогдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх томоохон ажлын нэг юм.

Түүний хэлснээр Засгийн газар “нэг сурагч-нэг компьютер”, “нэг анги-нэг ухаалаг самбар”, “нэг хүүхэд-хиймэл оюун ухааны нэг багш”, “нэг багш-хиймэл оюуны нэг туслах багш” гэсэн бодлогыг баримтлахаар болжээ. Хүүхэд бүрийг компьютертой болгох ажлыг энэ жилийн есдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Хромбүүк, ухаалаг самбарыг үе шаттай нийлүүлнэ

Төслийн хүрээнд нийт 300,000 хромбүүк, 15,500 ухаалаг самбар авах урьдчилсан төлөвлөгөө гарчээ. Үүнийг нэг дор бус, 2026-2028 оны хооронд үе шаттайгаар сургуулиудад нийлүүлэхээр тооцсон байна.

  1. 2026 оны оны есдүгээр сарын 1-н гэхэд 100,000 хромбүүк, 5,000 ухаалаг самбар
  2. 2027 оны хоёрдугаар сард 100,000 хромбүүк, 5,000 ухаалаг самбар
  3. 2027 оны есдүгээр сарын 1-нээс 2028 оны есдүгээр 1-н хүртэл 100,000 хромбүүк, 5,500 ухаалаг самбар

Л.Энх-Амгалангийн тайлбарласнаар уг худалдан авалтад төсвөөс шууд мөнгө гаргахгүй. Хөгжлийн Банкны Санхүүгийн лизинг компани “Google”-тэй гэрээ байгуулж худалдан авалт хийх бөгөөд сургуулиуд төхөөрөмжүүдийг 3-5 жилд санхүүгийн түрээсийн хэлбэрээр ашиглах юм байна.

Сайд энэ зохицуулалтыг нэг жилд төсөвт том хэмжээний ачаалал үүсгэхгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ хэлбэрээр хэрэгжүүлэх шийдэл гэж тодотгов. Тэрбээр үүнийг сурах бичгийн түрээстэй төстэй боловч төлбөрийг эцэг эх бус төр хариуцах загвар гэж тайлбарласан байна.

Хиймэл оюуны платформыг хоёр хичээлээс эхлүүлнэ

Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулиудад нэг компьютерыг дунджаар 11-12 сурагч ашиглаж байна. Харин хромбүүкүүдийг шинээр хуваарилснаар хоёр сурагч дундаа нэг компьютер ашиглан суралцах боломж бүрдэнэ гэж Боловсролын сайд мэдээлжээ.

Түүнчлэн 2026 оны есдүгээр сарын 1-нээс “нэг хүүхдэд хиймэл оюуны нэг багш”, “нэг багшид хиймэл оюуны нэг туслах” гэсэн платформыг математик, монгол хэлний хичээл дээр нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Л.Энх-Амгалангийн хэлснээр гурван хүүхэд тутмын хоёр нь уншсанаа ойлгохгүй байгаа тул монгол хэл, уран зохиол, унших бичгийн хичээлд онцгой анхаарах шаардлагатай аж.

Санхүүжилтийн урьдчилсан тооцоогоор нэг хромбүүкийг 1.5 сая төгрөгөөр үнэлжээ. Ухаалаг самбар болон хромбүүк авах нийт өртөг 300-350 тэрбум төгрөг болохоор тооцоолсон байна.

Худалдан авалтын тендерийг ил тод зарлахаар төлөвлөж байгаа бөгөөд “Google”-ын хромбүүкний үйлдвэрийг Монголд байгуулах нөхцөл тавих аж. Мөн хромбүүк үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчид, дотоодын томоохон компьютерын компаниуд оролцох боломжтой бөгөөд дотоодын компаниуд гадаадын компанитай хамтран консорциум хэлбэрээр оролцох нөхцөлийг тендерт тусгахаар төлөвлөж байна гэж сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд