Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын сайд Ц.Сандаг-Очир 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Канад Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Стивен Дауст болон Хөгжлийн хамтын ажиллагааны албаны дарга Жан-Стефан Кутюр нарыг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар талууд хоёр улсын түншлэлийн хүрээнд хэрэгжиж ирсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүд болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-д хэрхэн хамтран ажиллах талаар нухацтай санал солилцсон юм.
Ноён Стивен Дауст уулзалтын үеэр хоёр орны харилцаа уул уурхай, боловсрол, хөрөнгө оруулалт, ардчилсан засаглал, байгаль орчны салбарт амжилттай хөгжиж ирснийг тэмдэглэв. Канад Улс нь 1970-аад оноос хойш Монголд нийт 500 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд үүний тод жишээ болох Канадын Засгийн газрын дэмжлэгтэй “ECCO-FARM” төслийн үр өгөөжийг онцлон дурдлаа. Уг төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд чиглэдэг бөгөөд дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
- Орон нутгийн иргэд, малчид, тэр дундаа эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх.
- Ухаалаг хөдөө аж ахуй, биологийн олон янз байдлыг хамгаалах болон байгальд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх.
- Судалгаа шинжилгээ, мониторинг хийх, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх болон Канад Улсад туршлага судлах хөтөлбөр хэрэгжүүлэх.
Үүнээс гадна Канад Улсын зүгээс СОР17 хурлын зохион байгуулалтыг олон улсын түвшинд илүү хүртээмжтэй болгох үүднээс франц хэлтэй төлөөлөгчдийг дэмжих зорилго тавьжээ. Энэ хүрээнд тус хурлын сайн дурын ажилтнуудад зориулан франц хэлний сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа танилцуулсан бөгөөд англи, франц хэлийг албан ёсныхоо болгосон Канад Улсын энэхүү санаачилга нь бэлтгэл ажилд томоохон дэмжлэг болох юм.
Сайд Ц.Сандаг-Очир Монгол, Канадын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Элчин сайд болон дипломат төлөөлөгчийн газрын хамт олонд гүн талархал илэрхийлэв. Хоёр улс уур амьсгалын өөрчлөлт, ойжуулалт, тусгай хамгаалалттай газар нутгийн менеджмент зэрэг олон чиглэлээр олон улсын байгаль орчны механизмын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэрбээр батлан хэллээ. Уулзалтын төгсгөлд талууд хариуцлагатай уул уурхай, газрын нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлыг хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэж, СОР17 хурлыг үр дүнтэй зохион байгуулахаар тохиролцсон байна.
