Энэтхэг улсад хамгийн багадаа есөн удаа хуурамчаар гэрлэж, удаа бүр нөхрийнхөө мөнгө, алт үнэт эдлэлийг тонон зугтдаг байсан луйварчин бүсгүйн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Энэ талаар News9live хэвлэл мэдээллээ.
Хэргийн хохирогчдын нэг болох Йогеш Шинде хэдэн зуун мянган рупигээр (Энэтхэгийн мөнгөн тэмдэгт) луйвардуулсан гэдгээ мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, зуучлагч агентууд түүнийг нэгэн эмэгтэйтэй танилцуулж, гэрлэлт зохион байгуулахаар амлажээ. Харамсалтай нь, хурим болсноос хойш хэдхэн хоногийн дараа сүйт бүсгүй зуучлагчдын хамт сураггүй алга болсон аж.
Шинде дараа нь өөрөө эрэн сурвалжилж үзтэл, өнөөх эмэгтэй өмнө нь найман ч залуутай гэрлэж, тухай бүрдээ хамаг үнэт зүйлсийг нь хамж аваад зугтдаг байсныг олж мэджээ.
“Би хэдэн зуун мянган рупигээ алдаж, луйвардууллаа. Би шударга ёсыг хүсэж байна” хэмээн хохирогч залуу мэдэгдэв.
Цагдаагийн мөрдөн байцаалт
Шинде тухайн эмэгтэйн өмнөх гэрлэлтүүдийн талаар огт мэдээгүй бөгөөд зуучлагчид үүнийг нь түүнд огт хэлэлгүй нууцалж байсныг онцолсон байна. Одоогоор цагдаагийн хэсэгт гомдол албан ёсоор гаргаж, эрэн сурвалжлах, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлээд байна.
