“Mongolz гишүүдийн танилцуулга” цуврал контент The MongolZ багийн ахлагч bLitz буюу Бямбасүрэнгийн Гарьдмагайгийн танилцуулгаар эхэлж байна. Тэрээр багийнхаа хамгийн ахмад бөгөөд туршлагатай тоглогч юм. 2026 оны 6-р сард тэрээр 25 нас хүрнэ. bLitz-ийн нэр хүнд, нөлөө багийн дотор маргаангүй хүлээн зөвшөөрөгдсөн байдаг тул Монголын шилдэг “In-game leader”-ийн гаргасан шийдвэр, дуудлага бүрийг багийнхан нь огт эргэлзэлгүйгээр дагадаг. Б.Гарьдмагнай мэргэжлийн цахим спортод шатрын ертөнцөөс хөл тавьсан бөгөөд агшин зуурт дүн шинжилгээ хийж, маш хурдтай шийдвэр гаргах чадвар нь түүний цусанд байдаг гэлтэй.
Тоглогчийн үзүүлэлт
Тоглолтын арга барилын хувьд bLitz бол хамгаалалтын талд сонгодог “anchor” (байрлалаа барьж хамгаалагч), харин довтолгооны талд туслах “entry fragger” буюу багийн андтайгаа хамт орж “солилцоо” хийх үүргийг гүйцэтгэдэг. Тэрээр байршил болон цаг хугацааг хянахаас гадна гранат шидэлт, “utility” ашиглалтаараа багаа дэмжиж, өрсөлдөгчдөө чамгүй хохирол учруулдаг. Түүний тайван байдал, тоглолтын гүн гүнзгий мэдрэмж нь хүндхэн нөхцөлүүдэд итгэлтэй ялалт байгуулах боломжийг олгодог. Гэхдээ тэрээр олон дараалсан аллага эсвэл хэт чамин үзүүлбэр төдийлөн үзүүлээд байдаггүй.

Энэ улиралд түүний хамгийн шилдэг тоглолт нь “PGL Bucharest 2026” тэмцээнд Wildcard-ын эсрэг Nuke мап дээр (1.76 рейтинг) байсан бол, хамгийн муу тоглолт нь “BLAST Open Rotterdam 2026”-д Vitality-гийн эсрэг Overpass мап дээр (0.41 рейтинг) байв. 2026 онд түүний хувьд тоглоход хамгийн “тухтай” өрсөлдөгч нь Spirit (1.17 рейтинг) байсан бол, хамгийн “эвгүй” өрсөлдөгч нь хүлээлт ёсоор Vitality (0.72 рейтинг) байлаа. Харин багийн дүнгээр The MongolZ 2026 онд Nuke (63.6% хожил) болон Mirage (55.6% хожил) мапууд дээр хамгийн сайн тоглолт үзүүлжээ.
bLitz-ийн дуртай зэвсэг нь винтов буюу “rifle” (довтолгоонд AK-47, хамгаалалтад дуу намсгагчтай M4A1) юм. Пистол раундуудад USP-S болон Glock-ийг илүүд үздэг бөгөөд мэргэн бууны винтов буюу “sniper rifle”-ийг ховор ашигладаг.
Б.Гарьдмагнай буюу bLitz-ийн 2026 оны үзүүлэлтүүд:
- HLTV 3.0 рейтинг – 0.92
- T-side (Довтолгоо) рейтинг – 0.90
- CT-side (Хамгаалалт) рейтинг – 0.95
- Round swing (Раундын нөлөөлөл) – -1.51%
- DPR (Раунд бүрд үхэх магадлал) – 0.70
- KAST (Туслалцаа үзүүлсэн раундын хувь) – 68.2%
- Олон дараалсан аллага хийх хувь – 13.8%
- ADR (Үе бүрд учруулсан дундаж хохирол) – 71.7
- KPR (Үе бүрд хийсэн дундаж фраг) – 0.60

Замнал
Б.Гарьдмагнайгийн анхны баг нь шатарчин хүнд тун тохирсон нэртэй “Checkmate” багт байсан бөгөөд 2020 онд Монголд байгуулагдаж байв. Хэдэн сарын дараа тус багт “Techno4K” буюу М.Содбаяр нэгдсэн бөгөөд тэд өмнө нь Монголын шатрын тэмцээнүүд дээр олон удаа таарч байжээ. 2021 онд дасгалжуулагч “maaRaa” буюу Б.Эрдэнэдалай Checkmate-д ирснээр энэхүү “домогт гурвал” өнөөдрийг хүртэл хамтдаа тоглож байна.
2022 онд Checkmate-ийн бүрэлдэхүүнийг Монголын алдартай “IHC Esports” байгууллага худалдан авсан юм. Шинэ баг тухайн жилийн хамгийн том хоёр тэмцээн болох “PGL Major Antwerp 2022” болон “IEM Rio Major 2022”-т амжилттай шалгарч, шуугиан тарьж эхлэв.
Үүний дараа тоглогчид “The MongolZ” нэрэн дор Counter-Strike-ийн оргил өөд замналаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Тус багийн анхны ивээн тэтгэгчээр олон улсын “1xBet” брэнд ажиллаж эхэлсэн юм. “The MongolZ багийн бүрэлдэхүүн”-д анх: bLitz, Techno4K, Bart4k, ANNIHILATION, hasteka нар багтаж байлаа.
2023 онд bLitz-ийн удирдлага дор баг “BLAST.tv Paris Major 2023”-т шалгарч, “MESA Pro Series: Fall 2023”, “ESL Challenger League Season 46: Asia-Pacific” зэрэг бүсийнхээ тэмцээнүүдэд анхны түрүүгээ авсан юм. Харин дараа жил нь жинхэнэ тэсрэлт болсон жил байлаа. Тэд “YaLLa Compass 2024” болон “Thunderpick World Championship 2024” зэрэг олон улсын томоохон тэмцээнд түрүүлж, “PGL Major Copenhagen 2024”, “Perfect World Shanghai Major 2024” зэрэг бүх Мажор тэмцээнүүдэд эрхээ авсан юм. Шанхайн Мажорын үеэр The MongolZ баг түүхэндээ анх удаа плей-оффт шалгарч, жилийн нийт шагналын сан нь 1,000,000 ам.доллароос давсан билээ.
2025 онд The MongolZ амжилтаа ахиулж, “BLAST.tv Austin Major 2025“-аас мөнгө, “Esports World Cup 2025“-аас алтан медаль хүртэв. Түүнчлэн IEM-ийн бүх тэмцээний (Katowice, Melbourne, Dallas, Cologne, Chengdu) плей-оффт шалгарч чадсан юм. PGL болон BLAST-ын дээд зэрэглэлийн тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсоны үр дүнд 2025 оны намар The MongolZ баг Valve болон HLTV-ийн дэлхийн чансааг зэрэг тэргүүлсэн Азийн анхны баг болж түүхэнд бичигдлээ.

2026 онд bLitz болон түүний баг дараалсан дөрвөн том тэмцээний плей-оффт шалгарч, “PGL Bucharest 2026“-аас хүрэл медаль хүртээд байна.
Сонирхолтой баримтууд
Өмнө дурдсанчлан Б.Гарьдмагнай бол бүсийн олон тэмцээнд оролцож байсан туршлагатай шатарчин юм. 2017 онд тэрээр “FIDE Master” цол хүртсэн бөгөөд одоогийн байдлаар 2369 чансаатай байна. Түүний “bLitz” хэмээх нэр нь ч шатрын төрлөөс үүдэлтэй. Блиц шатар нь маш богино хугацаанд явагддаг бөгөөд цаг хугацааны шахалт дор стресстэлгүйгээр агшин зуурт зөв шийдвэр гаргах чадварыг шаарддаг.
Vitality-гийн apEX эсвэл Falcons-ын karrigan зэрэг “дуу шуугиантай” ахлагч нараас ялгаатай нь bLitz тоглолтын шийдвэрлэх мөчүүдэд ч сэтгэл хөдлөлөө төдийлөн ил гаргадаггүй. “bLitz ярилцлага”-даа дурдсанаар, тэрээр багийн нөхдөө орилж хашхиран дарамтад оруулахгүйгээр, ахлагчийн зааврыг тайван дагаж тоглох нөхцөлийг бүрдүүлэхийг илүүд үздэг байна.
- Дуртай спорт: Шатар, Бокс
- Дуртай тоглоом: Counter-Strike, Dota 2
- Шатрын цол: Дэлхийн шатрын холбооны мастер (2017), Дэд мастер (2014)
- FIDE чансаа: 2369 (2026 оны байдлаар)
Дүгнэлт
Б.Гарьдмагнай буюу bLitz нь The MongolZ багийг гурван жил гаруйн турш тогтвортой удирдаж байна. Монголын цахим спортыг дэлхийн тавцанд гаргах, багийнхаа амжилтад оруулсан түүний хувь нэмэр үнэлж баршгүй юм. Түүний удирдлага дор Азийн баг анх удаа Мажор тэмцээний финалд шалгарч, дэлхийн чансааг тэргүүлж чадлаа. Багийн нөхөд нь түүнд бүрэн итгэдэг бөгөөд түүний ирээдүй маш гэрэлтэй харагдаж байна. Одоогийн байдлаар ахлагч болон дасгалжуулагчдын бүх анхаарал “IEM Cologne Major 2026” тэмцээнд чиглэж байгаа бөгөөд The MongolZ баг Counter-Strike-ийн түүхэнд Мажорт түрүүлсэн Азийн анхны баг болох том зорилго өвөртлөн бэлтгэлээ базааж байна.
