Улаанбаатар хотын зам засвар, шинэчлэлийн ажил эхэлсэнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн зарим байршилд авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Тодруулбал, тус дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамж буюу “UB Vista” хотхоны уулзвараас “Номун” сургууль хүртэлх авто замыг түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээний ажил гүйцэтгэх юм.
Зам засварын ажлыг иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүднээс шөнийн цагаар хийхээр төлөвлөжээ.
Хязгаарлалт хийх хуваарь:
- Эхлэх хугацаа: 5 дугаар сарын 15-ны 23:00 цагт
- Дуусах хугацаа: 5 дугаар сарын 16-ны 06:00 цагт
Дээрх хугацаанд замыг хоёр хэсэгт хуваан хэсэгчлэн хаах бөгөөд маргааш өглөөний 06:00 цагаас эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд жолооч та бүхэн шөнийн цагаар тухайн чиглэлд зорчихдоо анхаарал болгоомжтой байж, бусад замыг сонгон үйлчлүүлнэ үү.
