Тавдугаар сарын 12-ны өдөр АНУ-ын Лос-Анжелес хотноо НБА-гийн плей-оффын шөвгийн наймын дөрөв дэх тоглолт “Лос-Анжелес Лейкерс” болон “Оклахома-Сити Тандер” (110:115) багуудын хооронд боллоо. Энэхүү тоглолтод талбайн эзэн багийн довтлогч Леброн Жеймс оролцсоноор замналынхаа 2000 дахь тоглолтыг хийсэн түүхэн амжилтын эзэн болов.
Жеймс 2003 онд “Кливленд Кавальерс” багт нэгдсэнээр амжилтын гараагаа эхэлж, тус багийн бүрэлдэхүүнд 1001 тоглолт хийжээ. Үүний дараа тэрээр “Майами Хит”-д 381 тоглолт, “Лос-Анжелес Лейкерс”-т 546 тоглолтод оролцсон байна. Түүнчлэн Леброн АНУ-ын шигшээ багийн төлөө 49 удаа талбайд гарч, “Бүх оддын тоглолт”-д хоёр удаа оролцсон үзүүлэлттэй байна.
Өмнө нь тэрээр НБА-гийн түүхэнд плей-оффын шатанд 300 тоглолт хийсэн анхны тоглогч болсон билээ. Үүнээс гадна өдгөө 41 настай довтлогч нь лигийн түүхэнд хамгийн олон оноо авсан бөгөөд хамгийн олон улирал (23 улирал) дараалан тоглосон дээд амжилтыг эзэмшиж байна.
Харамсалтай нь “Лейкерс” баг дөрвөн хожил хүртэлх цувралд “Оклахома”-д 0-4 харьцаатайгаар ялагдаж, энэ улирлын тоглолтоо дуусгалаа.
