Мэргэжлийн бөхийн PWL лигийн ээлжит “PWL 11” тэмцээн энэ сарын 27-нд Узбекистаны нийслэл дэх “Humo Arena” хүрээлэнд боллоо. Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх болон сонгомол барилдааны төрлөөр зохион байгуулагдсан энэ удаагийн тэмцээнд олимпын таван аварга хүч үзсэн нь онцлог болов.
Монголын талаас Гавьяат тамирчин Т.Тулга урилгаар оролцож, эзэн орны бөх Умижон Жалоловтой барилдсан байна. Түүний өрсөлдөгч Жалолов нь эрэгтэй 65 кг жингийн 2025 оны ДАШТ-ий хүрэл медальтан, мөн 2022 оны залуучуудын дэлхийн аварга бөгөөд 23 настай тамирчин юм.
Хоёр бөхийн барилдаан тун өрсөлдөөнтэй өрнөж, эцэст нь 3:2-ын харьцаагаар Т.Тулга давуу гарч ялалт байгуулжээ. Ингэснээр Монголын бөх мэргэжлийн лигийн энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон байна.
Тэмцээний зарим онцлох дүн:
- 70 кг: Умижон Жалолов (Узбекистан) — Т.Тулга (Монгол), 2:3.
- 74 кг: Мирзо Хаитов (Узбекистан) — Иналбек Шериев (ОХУ), 0:10.
- 65 кг: Ибрагим Ибрагимов (ОХУ) — Агустин Дестрибатс (Аргентин), 10:0.
- 97 кг: Алихан Кцоев (ОХУ) — Ризабек Айтмухан (Казахстан), 2:3.
- 59 кг: Лайлохон Собирова (Узбекистан) — Сезим Жуманазарова (Кыргызстан), 3:9.
Аваргын бүсийн төлөөх барилдаанд ч томоохон нэрс өрсөлдсөн бөгөөд эрэгтэй 61 кг-д Заур Угуев, 74 кг-д Заурбек Сидаков, Разамбек Жамалов нар ялалт байгуулсан бол сонгомол бөхийн 82 кг-д Акжол Махмудов, 67 кг-д Айтжан Халмаханов нар бүсийн эзэн болжээ.
