Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмЗөвшөөрөлгүй дахин байршуулсан ТҮЦ-үүдийг хяналт шалгалтад хамруулж байна

Зөвшөөрөлгүй дахин байршуулсан ТҮЦ-үүдийг хяналт шалгалтад хамруулж байна

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний зорчих хэсгийг чөлөөлөх зорилгоор зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжиж байна. Энэ хүрээнд одоогийн байдлаар төвийн зургаан дүүрэгт 1700 гаруй ТҮЦ бүртгэгдсэнээс 1300 гаруйг нүүлгэж, үлдсэн 400 гаруйг үе шаттайгаар буулгах ажил үргэлжилж байна.

Нийслэлийн зүгээс ТҮЦ ажиллуулж байсан худалдаачдад:

  • Зах, худалдааны төвүүдэд талбай гаргаж өгөх
  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад ажилд зуучлах
  • Хотын төвөөс бусад байршилд газар санал болгох зэрэг шийдлүүдийг танилцуулсан.

Гэсэн ч олон ТҮЦ эрхлэгч дээрх саналуудыг хүлээн авахаас татгалзсан гэж албаны эх сурвалж мэдээлэв.

Зөвшөөрөлгүй дахин байршуулсан ТҮЦ-үүд олон нийтийн шүүмжлэлд өртөв

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс нийтийн эзэмшлийн талбайд шинэ ТҮЦ-үүд дахин байршуулж эхэлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна. Энэ талаар дүүргүүдийн Тамгын газрын төлөөлөл:

Дүүргүүд ямар ч зөвшөөрөл олгоогүй. Хуульч Х.Бат-Ялалт болон ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо хэмээх хэсэг хүмүүс нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулсан гэсэн урьдчилсан мэдээлэл бий. Шалгалт эхэлсэн.” гэж мэдэгдсэн байна.

ТҮЦ-ийн шинэ стандарт гарсан уу?

НЗДТГ-аас ТҮЦ-ийн стандартыг шинэчилж байгаа гэсэн мэдээлэл гарсан ч, энэ нь ташаа гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Баярцэцэг няцаав:

“Зөвшөөрөлгүй дахин байршуулсан ТҮЦ-үүдийг өнөө шөнө буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн чөлөөлнө. ТҮЦ-ийн стандартыг шинэчилж дахин байршуулна гэдэг бол худал мэдээлэл. Хотын зүгээс явган болон дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайг дахин ТҮЦ байрлуулахгүй байх шийдвэртэйгээр чөлөөлж байна.

ТҮЦ-т худалдаа эрхлэгчдийг ажлын байраар хангах уулзалт, зөвлөлгөөнүүд үргэлжилж байгаа. Номын худалдаачдыг Арслантай гүүрний хойд талд төвлөрүүлсэн, зарим худалдаачдыг өөр ажилд зуучилсан.”

Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Хэн түрүүн зөвшөөрөл өгсөн юм бол оо? Засгийн газраас хэн нэгэн байгаагүй бол бараг боломжгүй байсан

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд