Мягмар, 10 сар 28, 2025
HomeНийгэмЯвган хүний замын засвар иргэдэд хүндрэл учруулж байна

Явган хүний замын засвар иргэдэд хүндрэл учруулж байна

Намрын сэрүүн орж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн энэ үед нийслэлд түгжрэл, утааны асуудал нэмэгдэхийн зэрэгцээ явган хүний замын засварын ажил ч иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Бөхийн өргөөнөөс Офицеруудын ордон хүртэлх хэсэгт, мөн Багшийн дээдийн орчимд явган хүний замын хавтанг хуулж орхисон нь алхагчдад төдийгүй скүүтер, дугуйтай зорчигчдод ч хүндрэл учруулжээ. Хэд хоногийн өмнөөс замыг хэсэгчлэн хуулж, элс шороотой орхисноос иргэд аюулгүй зорчих боломжгүй болсон байна.

Албаныхны амлалт ба бодит байдал

Хотын дарга Х.Нямбаатар энэ оны гуравдугаар сард “Их, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Олимпын гудамжны явган замыг шинэчилнэ” хэмээн мэдэгдэж байсан. Гэвч хагас жилийн хугацаа өнгөрсөн ч нийт 210 мянган ам.метрээс ердөө 65 мянган ам.метрийг л шинэчилжээ. Үлдсэн ажлыг ирэх хавар хүртэл хойшлуулахаар болсон байна.

Нийслэлийн төсвөөс энэ онд явган замын шинэчлэлд 32 тэрбум төгрөг зарцуулах төлөвлөгөөтэй гэж мэдээлэв.

Иргэдийн шүүмжлэл ба илэрсэн зөрчил

Иргэдийн зүгээс эвдрэлгүй хавтанг хуулж сольж байна гэх шүүмжлэл гарч байсан бөгөөд энэ нь үнэн болох нь нотлогджээ. Монголын залуучуудын эвсэл ТББ-аас АТГ-тай хамтран хийсэн шалгалтаар:

  • Баянгол дүүрэгт 12.5 тэрбум төгрөгийн өртөгтэй ажилд шаардлагагүй хавтанг солисон, шинэ тавьсан хавтан нь чанар муутай байсан;
  • Хуучин хавтанг дахин ашиглах төлөвлөгөө тодорхой бус байсан;
  • Тендерт шалгарсан зарим компани шаардлага хангаагүй, мэргэжлийн инженергүй ажилласан зэрэг зөрчил илэрчээ.

Нийслэлийн зургаан дүүрэгт нийт 780 гаруй тонн ашиглах боломжтой хавтанг хуулсан байна. Одоогоор 13 компани 13 байршилд засварын ажил гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 50–95 хувийн хооронд үргэлжилж байна.

“Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр иргэдийн өдөр тутмын хамгийн их хэрэглэдэг явган замыг ийнхүү ид ачааллын үед эвдэж, сундуй болгосон нь нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд