Японы нэрт сэтгүүлч Идэ Хирохико “Амьдрахын төлөө тусламж гуйсан өргөдөл” нэртэй номоороо дамжуулан Япон цэргийн олзлогсдын тухай сэдвийг хөндсөн байдаг. Тэрбээр тавдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар дахь Монгол-Японы төвд үнэ төлбөргүй лекц унших гэж байна. Энэхүү арга хэмжээг Монгол дахь Япон иргэдийн нийгэмлэг зохион байгуулж байгаа юм.
Японы олзлогсдын дурсамжийг сөхөх нь
Идэ Хирохикогийн ном нь Дэлхийн II дайны дараахан Монгол Улсад ажиллаж байсан япон цэргүүдийн бодит амьдрал, түүхэн үнэнийг илчилсэн бүтээл юм. Лекцийн үеэр тэрээр судалгаа, баримтад тулгуурласан илтгэлээ танилцуулж, хоёр улсын түүхэн харилцааг шинэ өнцгөөс харуулах болно.
“Сакура” музейн арга хэмжээ
Түүнчлэн Монгол дахь Япон иргэдийн нийгэмлэгээс тавдугаар сарын 18-нд Чингэлтэй дүүргийн “Ногоон нуур” паркад байрлах япон цэргүүдийн дурсгалын гэр музей “Сакура”-д “Тавдугаар сарын цугларалт” арга хэмжээг 11:00–12:30 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Сакура” музей-г 2022 онд Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол иргэн С.Улзийтогтох өөрийн санаачилгаар байгуулсан юм.
Түүхэн баримтууд
Түүхэн эх сурвалжид дурдсанаар, 1945 оны Чөлөөлөх дайны дараа Монгол Улс ажиллах хүч дутагдалтай байсан тул Зөвлөлтийн талд хүсэлт гарган, 12,300 гаруй япон олзлогдсон цэргийг авчирсан байдаг. Тэд Сүхбаатарын шүдэнзний үйлдвэр, шохойн чулууны үйлдвэр, Налайхын нүүрсний уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт ажиллаж байсан бөгөөд 1947 оны аравдугаар сард 10,705 япон иргэнийг нутаг буцаажээ.