Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд жил бүр техникийн хяналтын үзлэгт хамрагдах үүрэгтэй. Гэвч 2026 оны 3 дугаар сарын 18-ны байдлаар Улаанбаатар хотод үзлэг, оношилгоонд хамрагдаагүй 4,414 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлжээ.
Хэрэв тээврийн хэрэгслийг нэг жилийн хугацаанд үзлэгт оруулаагүй тохиолдолд замын цагдаагийн байгууллагаас 50 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг. Үзлэгт хамрагдах хугацаа нь өмнөх жилд орсон өдрөөр тооцогддог бөгөөд жишээлбэл 2025 оны нэгдүгээр сарын 20-нд үзлэгт орсон бол 2026 оны нэгдүгээр сарын 20-нд дахин хамрагдах шаардлагатай.
Техникийн хяналтын үзлэгийн төлбөр:
- Суудлын автомашин – 22000₮
- Ачааны автомашин – 33000₮
- Автобус – 33000₮
- Нийтийн болон жуулчны, ажилчдын, сургуулийн автобус – 33000₮
- Такси – 22000₮
- Трактор, механизм – 33000₮
- Чиргүүл – 11000₮
- Мотоцикл – 11000₮

Улаанбаатар хотод Автотээврийн үндэсний төвийн долоон салбарт техникийн үзлэгийг хийж байгаа бөгөөд тээврийн хэрэгслийг нийт 161 үзүүлэлтээр шалгадаг. Үүнд дугуйн бүрэн бүтэн байдал, хээ, хий, тэнхлэгийн тохироо, улсын дугаарын тод байдал зэрэг багтдаг.
Мөн MNS5011:2020 стандартад зааснаар тээврийн хэрэгслийн одометрт хууль бусаар нөлөөлсөн, өөрчилсөн, ажиллахгүй тохиолдолд техникийн үзлэгт тэнцэхгүйг анхааруулжээ.

