Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 5-нд болж, эдийн засаг, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт холбогдох дараах чухал шийдвэрүүдийг гаргалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд аудит хийнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус аудитын байгууллагаар аудит хийлгэх шийдвэр гаргав.
Мөн хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг шинэчлүүлэх, гүйцэтгэгчийг нээлттэй сонгон шалгаруулах ажлын даалгавар боловсруулжээ.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр, 2018 оны 73 дугаар тогтоолоор тус компанийн хувьцааны 20–30 хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэр гарсан байдаг. Энэ хүрээнд Засгийн газар тус компанийг нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх чиглэл өгөөд байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний гэрээнүүдийг ил тод болгож байна
Тус компани 2010–2025 оны хооронд байгуулсан 586 нүүрс худалдах, худалдан авах гэрээнээс 581 гэрээг ил болгож, цахим хуудсандаа байршуулжээ.
Үлдсэн таван гэрээ нь олон улсын гэрээний дагуу нууцлалын зохицуулалттай, талуудын зөвшөөрөл шаардагддаг тул ил тод болгох талаар хэлэлцэж байгаа юм.
Засгийн газар компанийн бүх гэрээг ил тод болгохыг үүрэг болгосон бөгөөд энэ нь төрийн өмчит компанийн ил тод, хариуцлагатай үйл ажиллагааг хангах зорилготой.
Газар тариалангийн салбарын эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ургац хураалтын урьдчилсан дүнг танилцууллаа.
- Энэ онд нийт 745.1 мянган тонн ургац хураан авсан нь өнгөрсөн оноос 503.3 мянган тонноор буюу 40.3% буурсан байна.
- Үүнээс улаанбуудай 34.7%, төмс 22.9%, хүнсний ногоо 22%, тэжээлийн ургамал 46%, тосны ургамал 49% тус тус буурчээ.
Хэдий ургац багассан ч улаанбуудайн чанар сайжирч, цавуулаг өндөртэй үр тариа хураан авчээ.
Засгийн газраас ургамлын үрийн нөөц бүрдүүлэх, байгалийн нөлөөллөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулах цогц төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, мөн тариаланчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах асуудлыг судалж шийдвэрлэхийг сайд Ж.Энхбаярт даалгалаа.
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
“Эрүүл Монгол хүн” зорилтын хүрээнд 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, холбогдох төлөвлөгөөг боловсруулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд үүрэг болголоо.
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагуудад энэ зорилтын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, уялдааг ханган ажиллах чиглэл өгсөн байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авна
Засгийн газраас “Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталлаа.
Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж ажиллах бөгөөд тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын санг өөрийг нь эмчлэх цаг болсон” хэмээн онцоллоо.
Тогтоолоор дараах чиглэлүүдийг хэрэгжүүлэхээр болов:
- Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, сангийн бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах;
- Өр авлагыг барагдуулах, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох;
- Ил тод, үр ашигтай тогтолцоонд шилжих нөхцөлийг бүрдүүлэх.
Мөн Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томиллоо.
“Ширээт” дэд станцын өргөтгөлийн санхүүжилт 2026 оны төсөвт тусна
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймагт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцсаныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав.
Засгийн газраас:
- Газрын тосны олборлогч компаниудтай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах;
- Үйлдвэрийн ажилчдын хотхоны II ээлжийн барилгыг дуусгах санхүүжилтийг “Эрдэнэс Монгол”-ын баталгаагаар Хөгжлийн банкнаас шийдвэрлэх;
- “Ширээт” дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгаж, барилгын ажлыг гүйцэтгэх чиглэл өглөө.
Товч шийдвэрүүд
- “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” болон “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори”-ийг нэгтгэн, “Улсын мал эмнэлэг, ариун цэвэр, эмийн сорилт, баталгаажуулалтын нэгдсэн лаборатори” болгон өөрчиллөө.
