Пүрэв, 10 сар 30, 2025
HomeШоу бизнесТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД

ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД

Яг л монголчууд олимпод алтан медалийн төлөө өрсөлдөж байгаа мэт догдолсон, бахархсан мөчийг “Physical: Asia” шоуг үзэхдээ мэдэрлээ. Монгол хэлээ дэлхийн алдарт Netflix болон БНСУ-ын продюсер Jang Ho-Gi-ийн хамтын бүтээл дээрээс сонсохдоо олон хүн баярласан нь гарцаагүй. Улсын арслан Б.Орхонбаяраар ахлуулж, эх орноо төлөөлөн хүч, бяр, эв нэгдлээ харуулах гэж ирсэн манай тамирчид бусад улсын анхаарлын төвд байна.

Энэ улиралд найман улсын тус бүр зургаан гишүүнтэй баг өрсөлдөж, ялсан баг нэг тэрбум вонтой гэртээ харих юм. Монголын баг Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Индонез, Австрали, Турк, Филиппин улсын тамирчидтай өрсөлдөж байна. Тус шоу нь анх удаа монгол хадмал орчуулгатайгаар Netflix-д гарч буйгаараа ч онцлог.

Тал нутгийн баатрууд “Мориндоо”

Physical: Asia шоуны эхний дөрвөн анги цацагдаж, багууд эхний хоёр даалгавраа биелүүлээд байна. Монголчууд даалгаврын өмнө өөрсдийгөө зоригжуулан “Дайчид мориндоо” хэмээн уриалж, нум сум харваж буй мэт хөдөлгөөн хийдэг. Эхний хоёр даалгавраа амжилттай биелүүлсэн монгол баг нийт ачаа зөөвөрлөсөн хэмжээгээрээ эхний байрт бичигджээ.

Монгол Улсаа төлөөлөн оролцож буй хүчтэнүүд

  1. Багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаяр – Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 2019 онд улсын начин цол хүртэж, 2024 онд улсын арслан болсон. “Таван хан” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Атар трейд” компанийн тамирчин.
  2. Холимог тулаанч Б.Энх-Оргил – 1988 онд Ховд аймагт төрсөн, “ONE Championship”-ийн рингэнд зургаан тулаан хийж тав ялсан туршлагатай тулаанч. “Road to ONE Mongolia” шоуны ялагч, MGL-1 холбооны 66 кг жингийн хошой аварга.
  3. 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн – 1992 онд төрсөн, 194 см өндөртэй. Монголын эрэгтэй шигшээ багийг анхны Азийн аварга болгож, “Ази тивийн үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарч байсан.
  4. Монголын волейболын анхны легионер тамирчин Г.Хандсүрэн – Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргын ач, улсын гарьд Б.Гантогтохын охин. Японы дээд лигийн “Брийт Хамамацү” багт уригдан тоглож, монголын волейболчдын шинэ замыг нээсэн тамирчин.
  5. МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир – 1997 оноос уран нугаралтаар хичээллэж, дэлхийн олон улсын циркийн наадмуудаас “Алтан цом”, “Мөнгөн цом”-ын эзэн болсон. Найман метрийн өндөрт хамгаалалтгүйгээр үзүүлбэр үзүүлдгээрээ дэлхийд цор ганц.
  6. Жүдогийн шигшээ багийн гишүүн А.Адьяасүрэн – Азийн наадмын хүрэл медальт, “Их дуулга”-ын хоёр мөнгө, гурван хүрэл медальт ОУХМ. 2014 оноос жүдогоор хичээллэж эхэлсэн бөгөөд багийнхаа хүчний тулгуур тамирчин.

Physical: Asia шоу нь монголчуудын хүч чадал, эв нэгдэл, сахилга бат, сэтгэлийн тэнхээг дэлхийд харуулах чухал боломж болж байна. Энэ бол зөвхөн спортын тэмцээн бус, монгол хүний зориг, нэр төрийн илэрхийлэл юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд