2025 оны 5-р сарын 19-ний өдөр, Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд “3L” буюу “Боловсролын өдөр – 2025” арга хэмжээ албан ёсоор эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь залуучуудад мэргэжлээ зөв сонгоход туслах зорилготой юм.
Залуус мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?
Тавдугаар сарын 21-нийг хүртэл үргэлжлэх энэхүү арга хэмжээнд төрийн болон хувийн их, дээд сургууль, боловсролын төвүүдийн төлөөлөл оролцож, дараах чиглэлээр үнэгүй зөвлөгөө өгнө:
- Мэргэжлээ хэрхэн зөв сонгох
- Гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн материалаа бүрдүүлэх
- Хувийн хүсэл сонирхолдоо тулгуурлан мэргэжлээ сонгох давуу тал
Хөтөлбөрийн онцлох хэсгүүд
Арга хэмжээний хүрээнд боловсролын салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой панел хэлэлцүүлэг явагдаж, залууст чиглэсэн “Тойрог” нэртэй богино жүжиг толилуулна. Уг жүжгийг “Цонхоо нээ” төслийн хүрээнд дэглэсэн бөгөөд мэргэжил сонголтын талаарх ойлголтыг сонирхолтой байдлаар хүргэх зорилготой юм.