Netflix-ийн алдарт уран зөгнөлт цуврал “Stranger Things”-ийн 5-р улирлын албан ёсны трэйлер үзэгчдийн хүртээл боллоо. Энэ улирал нь тус цувралын сүүлийн бүлэг байх бөгөөд Хокинс хот дахин аймшигт аюулд өртөж, Векна эргэн ирж буйгаар эхэлнэ. Найруулагчид энэхүү улирлыг “цацагдсан хамгийн сэтгэл хөдөлгөм, сүүлийн тулаан” хэмээн тодорхойлжээ.
Элэвэн ба баатруудын эцсийн тулаан
Элэвэний дүрийг бүтээсэн жүжигчин Милли Бобби Браун энэ улиралд дүр нь бүрэн өөрчлөгдөж, “дайчин төлөвт орсон” гэдгийг онцолжээ. Түүний гол зорилго бол найз нөхдөө хамгаалах юм. Харин Уиллын дүрийг бүтээсэн Ноа Шнапп “Бүх баатрууд нэг зорилгын төлөө нэгдсэн нь шинэ улирлыг илүү хурц, түгшүүртэй болгож байна” хэмээн дурдсан байна.
Трэйлерээс үзвэл Хокинс хот цэргийн хорионд орж, Элэвэнг эрэн хайх ажиллагаа эрчимжсэнээр баатруудын амьдрал улам төвөгтэй болжээ. Тэд Векнаг олж устгахын тулд нэгдэж байгаа ч, дайсан хаана, юу төлөвлөж байгааг хэн ч мэдэхгүй.
Цуврал гурван хэсгээр хуваагдан гарна
- 1-р хэсэг: 11-р сарын 26-нд — 4 анги
- 2-р хэсэг: 12-р сарын 25-нд — 3 анги
- 3-р хэсэг: 12-р сарын 31-нд — үлдсэн бүх анги
Netflix-ийн танилцуулгад “1987 оны намар Хокинс хот шархалж, баатрууд Векнаг устгахын төлөө нэгдэнэ. Гэвч тэр алга болсон бөгөөд түүний төлөвлөгөө тодорхойгүй. Хот цэргийн хорионд орж, Элэвэнг эрэн хайх ажиллагаа эрчимжих үед айдас улам гүнзгийрнэ” хэмээн өгүүлжээ.
Бүтээгчдийн онцолсон сүүлийн улирал
Хамтран найруулагч Росс Даффер хэлэхдээ:
“Бид энэ улирлыг бүтэн жил зураглав. Нийт 650 гаруй цагийн дүрс бичлэг хийсэн бөгөөд энэ бол бидний хамгийн том, хамгийн амбицтай бүтээл. Энэ түүх бол бидний хувийн хамгийн их сэтгэл шингэсэн хэсэг. 10 жил хамтдаа бүтээсэн энэ цуврал бидэнд гүн утга учиртай. Үзэгчдэд ч энэ бүхнийг мэдрүүлэх болно” гэжээ.
5-р улирлын ангиудын нэрс дараах байдлаар зарлагдсан байна: “The Crawl,” “The Vanishing of [одоогоор нууц],” “The Turnbow Trap,” “Sorcerer,” “Shock Jock,” “Escape From Camazotz,” “The Bridge,” болон “The Rightside Up.”
