Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2017 оноос хэрэгжиж эхэлсэн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт энэ жил мөн улирлын дагуу зогсохоор боллоо. Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилдэг уг зохицуулалт энэ удаад ч хугацаандаа дуусгавар болж байна.
Энэхүү хөнгөлөлт нь орой 21:00 цагаас өглөөний 09:00 цагийн хооронд үйлчилдэг бөгөөд нийслэл, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүд хамрагддаг. Зөвхөн ахуйн хэрэглээ болон гэр сууцаа халаах зориулалтаар ашигласан цахилгаанд хамаарах онцлогтой.
Хөнгөлөлтөд хамрагдах үндсэн нөхцөлүүд:
- Цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй байх
- Ахуйн болон халаалтын зориулалтаар ашиглах
- Цагийн ялгаварт тарифын тоолууртай байх
Цахилгааны төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтад тулгуурлан өдөр, орой, шөнийн хэрэглээний хувь хэмжээг тодорхойлж, 150 квт.ц, 151-300 квт.ц, 300 квт.ц-аас дээш гэсэн гурван шатлал бүхий тарифаар бодож нийлбэрийг гаргадаг.
