Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Шинэ нисэх онгоцны буудлын бүсэд сүндэрлэх “Хүннү хот” төслийн дэд бүтцийн ажлууд эрчтэй өрнөж байна. Нийт 31 мянган га талбайг хамарсан тус хотын цахилгаан, дулаан, усны хангамж болон ариутгах татуурга, харилцаа холбооны бүтээн байгуулалтыг үе шаттайгаар гүйцэтгэж эхлээд байгаа юм.
Энэхүү түүхэн бүтээн байгуулалтын явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Хотын дарга Х.Нямбаатар нар биечлэн танилцлаа. Хүннү хотын эрчим хүчний зүрх болсон Сэргэлэн дэд станцын барилга угсралтын ажил одоогоор 92 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг станцыг түшиглэн сэргээгдэх эрчим хүчний дараах томоохон эх үүсвэрүүдийг байгуулахаар төлөвлөжээ:
- 100 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц.
- 90 МВт-ын батарей хуримтлуурын систем.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх дэд бүтцийн нэмэлт ажлууд.
Ерөнхий сайд Г.Занданшатар тус станцын ач холбогдлыг онцлохдоо, Сэргэлэн дэд станцыг Улаанбаатар хотын эрчим хүчний дамжуулах транзит зангилаа болгон хөгжүүлэх нь нийслэлийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах стратегийн чухал алхам болохыг тэмдэглэв. Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр, тус станц баруун талаараа Сонгинохайрхан, зүүн талаараа Налайхын дэд станцуудтай холбогдож, хотын нэгдсэн сүлжээний тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээх ажээ.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 11-15 хувиар эрчимтэй өсөж байгаа энэ үед шинэ эх үүсвэрүүдийг яаралтай ашиглалтад оруулах шаардлага тулгарч байна. Саяхан Бөөрөлжүүтийн 300 МВт-ын станц болон Багануурын батарей хуримтлуур ашиглалтад орсон бол ирэх дөрөвдүгээр сард Дулааны тавдугаар цахилгаан станцын барилгын ажил албан ёсоор эхлэхээр төлөвлөгджээ. Сэргэлэн дэд станц болон түүнийг дагасан сэргээгдэх эрчим хүчний төслүүд бүрэн хэрэгжсэнээр нийслэл хотод үүсээд буй эрчим хүчний хомсдолыг үндсээр нь шийдвэрлэх боломж бүрдэх юм.
