Польш Улсын Ерөнхийлөгч Кароль Навроцкий тус улсад ижил хүйстнүүдийн хамтын амьдралыг хуульчлах боломж олгох байсан “Ойрын хүний статус”-ын тухай хуулийн төсөлд гарын үсэг зурахаас татгалзаж, хориг тавьжээ.
Тэрээр өөрийн тамгын газрын X хуудсанд нийтэлсэн видео мэдэгдэлдээ: “Миний зүгээс дэмжлэг авч чадаагүй бөгөөд Ерөнхийлөгчийн хориг тавих эрхээ ашиглахаас өөр аргагүйд хүрсэн хоёр хуулийн талаар одоо танилцуулъя. Үүнд хамтын амьдралын гэрээ болон ойрын хүний статусын тухай хууль, мөн түүнийг дагаж мөрдөх журмыг тусгасан хуулиуд багтаж байна” гэж хэлэв.
Хуулийн төслийг татгалзсан шалтгаан
Ерөнхийлөгч Кароль Навроцкий уг хуулийн төслийг гэр бүлийн эрх зүйд гэрлэлттэй ижил хэмжээний өргөн эрх мэдэл бүхий шинэ зохицуулалтыг бий болгож байна гэж үзжээ. Энэ нь гэрлэлтээс үүдэх бүрэн хэмжээний үүрэг хариуцлагыг хүлээхгүйгээр, өөр нэрээр гэрлэлтийг хууль ёсны болгох замыг нээж байна хэмээн тэрээр онцолсон байна.
“Би Үндсэн хуулийг сахин хамгаалагчийн хувьд гэрлэлтийн онцгой статусыг алдагдуулах шийдвэрийг зөвшөөрч чадахгүй. Манай Үндсэн хуулийн 18 дугаар зүйлд гэрлэлтийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн холбоо гэж тодорхойлж, Бүгд Найрамдах Польш Улсын хамгаалалт, халамжид байхаар заасан байдаг” хэмээн Ерөнхийлөгч нэмж тайлбарлажээ.
