Монголын боловсролын салбарт нэгэн шинэ жишиг тогтож, “Оюунлаг” бүрэн дунд сургууль ISO 21001:2025 боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартыг эх орондоо анх удаа албан ёсоор нэвтрүүлж, батламжаа гардан авлаа. Үүний зэрэгцээ тус сургууль чанарын удирдлагын тогтолцооны дэлхийн жишиг болох ISO 9001:2015 стандартыг давхар хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэснээ баталгаажуулсан юм.
Тохирлын үнэлгээний “МонСерт” байгууллагын захирал Г.Билгүүн батламж гардуулах үеэрээ ISO 21001 стандартын ач холбогдлыг онцгойлон тэмдэглэв. Уг стандарт нь боловсролын байгууллагын удирдлагыг зөвхөн захиргааны бус, харин “суралцагч төвтэй” байдлаар хөгжүүлэх, сургалтын хүртээмж болон чанарыг системтэйгээр, тасралтгүй сайжруулахад чиглэдэг олон улсын хамгийн сүүлийн үеийн шалгуур үзүүлэлт юм.
Сургуулийн гүйцэтгэх захирал Б.Уянзориг сертификатыг гардан авахдаа энэхүү амжилт нь нийт багш, ажилчид, сурагчид болон эцэг эхчүүдийн хамтын хичээл зүтгэлийн үр дүн болохыг дурдлаа. ISO стандартуудыг нэвтрүүлснээр сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа ил тод, тогтвортой болохоос гадна сурагчдын хөгжил, төлөвшилд чиглэсэн удирдлагын шинэ тогтолцоо бэхжиж байгааг тэрбээр онцлов.
“Оюунлаг” сургууль ийнхүү олон улсын хос стандартыг үйл ажиллагаандаа хэвшүүлснээр Монгол Улсын боловсролын салбарт шинэ цагийн шинэчлэлийг түүчээлж, сургалтын чанарыг дэлхийн жишигт нийцүүлэн тасралтгүй дээшлүүлэх томоохон алхам хийж байна. Цаашид тус сургууль сурагчдынхаа хөгжилд суурилсан удирдлагын арга барилыг улам бэхжүүлж, боловсролын үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хадгалахаа илэрхийллээ.
