Боловсролын яамнаас баталсан 2025–2026 оны хичээлийн жилийн бүтцээр сурагчдын өвлийн амралтыг ангиллын онцлогоос хамааруулан тогтоосон бөгөөд нийт сурагчдын амралтыг нэг долоо хоногоор сунгасан нь энэ жилийн гол онцлог болж байна. Энэ хичээлийн жил гурван улиралтай зохицуулалтаар үргэлжилнэ.
Бага ангийн сурагчид (I–V анги) өнөөдөр буюу Арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хичээллээд шууд амралтаа эхлүүлж байгаа юм. Тэдний амралт зургаан долоо хоног үргэлжилнэ.
Харин дунд ангийн сурагчид (VI–IX анги) нэг долоо хоногийн дараа буюу Арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн амрах бөгөөд тэдний амралтын нийт хугацаа таван долоо хоног байна.
Мөн адил ахлах ангийн сурагчид (X–XII анги) Арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн амрах боловч, тэдний амралтын хугацаанд онцгой зохицуулалт үйлчилнэ. Ахлах ангийнхан амралтынхаа эхний долоо хоногт заавал цахим хэлбэрээр хичээллэх шаардлагатай гэж тусгагдсан байна. Иймд ахлах ангийнхны идэвхтэй амрах хугацаа ч мөн таван долоо хоног байна.
Эцэг эхчүүд болон сурагчдыг ангиллын хуваарь, амрах хугацааг сайтар тодорхойлж, амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг Боловсролын яамнаас зөвлөж байна.
