HomeОсол хэрэгОрон сууцны залилан 216 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Орон сууцны залилан 216 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Орон сууцны захиалга нэрээр иргэдийг залилсан гэмт хэрэг Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, хохирлын хэмжээ ноцтой түвшинд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор орон сууцны залилангийн асуудлыг хууль эрх зүйн хүрээнд зохицуулах зорилготой хэлэлцүүлэг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгуулагдлаа.

Сүүлийн зургаан жилийн хугацаанд нийт 2.365 хэрэг бүртгэгдэж, 4 мянга гаруй иргэн хохирч, нийт 216 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Жил бүрийн өсөлтийг харвал 2019 оноос хойш 46 дахин, зөвхөн сүүлийн нэг жилд 3.5 дахин өссөн үзүүлэлттэй бөгөөд 2025 онд 104.3 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдсэн нь хамгийн өндөр дүн болжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “2019 онд 168 хэрэг бүртгэгдэж байсан бол 2025 онд мянга гаруй болж огцом нэмэгдсэн. Иймээс орон сууцны залилангаас сэргийлэх зорилгоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна” хэмээн мэдэгдэв. Тэрбээр уг хуулийн төсөл батлагдсанаар баригдаж дуусаагүй барилгыг нэгж бүрээр нь бүртгэж, иргэд урьдчилан мэдээлэл нягтлах боломж бүрдэнэ гэж онцолсон юм.

Орон сууцны захиалгатай холбоотой түгээмэл зөрчил:

  • Барилгын ажил зогсох, гацах
  • Урьдчилгаа төлбөр авч барилгыг дуусгахгүй орхих
  • Төлбөр бүрэн төлсөн ч өмчлөх эрх шилжихгүй удаашрах
  • Эрх зүйн маргаан үүсэх

Хэлэлцүүлэгт оролцсон хуульч О.Батхүү “Орон сууцны залилах гэмт хэрэг хэвийн үзэгдэл болсон байна. Энэ гэмт хэргийн эсрэг хуулийн дагуу 60 хоногийн хугацаанд шийдэх байтал шүүх, прокурорын байгууллагууд байнга хойшлуулдаг” хэмээн шүүмжилсэн бол хохирогч О.Энхболор “Хохирогчийн хохирлыг барагдуулах нэг ч заалт алга” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээллээр 304 иргэний 15.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэх баримт бичиг бүртгэлтэй байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн үр дагавар үргэлжилсээр байгааг харуулж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд