Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт уламжлал болгон зохион байгуулдаг гамшгийн аюулын зарлан мэдээллийн нэгдсэн дадлага сургууль өнөөдөр тохиож байна. Уг арга хэмжээ орон даяар 16:00 цагт нэгэн зэрэг эхлэх бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдийг болзошгүй аюулын үед бэлэн байдлаа хангах, өөрийгөө болон бусдыг хамгаалах дадал эзэмшихийг уриалж байна.
Дадлага сургуулийн үеэр зарлан мэдээллийн дохио гурван удаа дуугарах бөгөөд иргэн та доорх зааварчилгааг мөрдөх шаардлагатай:
- Эхний дохио: “Суу, Нуугд, Хүлээ” зарчмыг баримтална. Та байшин дотор байгаа бол аюулгүй газар нуугдаж, гадаа байгаа бол цахилгааны шон, өндөр барилга байгууламжаас холдож биеэ хамгаалан сууна. Харин тээврийн хэрэгслээр зорчиж байвал замаас гарч зогсоод, хөдөлгүүрээ унтрааж түр хүлээнэ.
- Хоёр дахь дохио: Барилга байгууламжаас яаралтай гарч, аюулгүй талбайд цугларна. Цуваанд орохдоо баруун гар талаа барьж, гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй байх дүрмийг ягштал баримтлах ёстой. Энэ үед цахилгаан шат ашиглахыг хатуу хориглоно.
- Гурав дахь дохио: Цугларах талбайд ирснийхээ дараа өөрийн харьяа засаг захиргаа болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, дадлага сургуулийг дуусгана.
Энэхүү арга хэмжээ нь иргэдийг гамшгийн үед сандарч тэвдэлгүй, зөв арга хэмжээ авч сургах чухал ач холбогдолтой юм. Иймд та бүхэн дохио дуугарах үед айж сандралгүй тайван байж, мэргэжлийн байгууллагын өгч буй зааварчилгааны дагуу дадлага сургуульдаа идэвхтэй оролцоорой.
