Өглөөний цай нь хүний бодисын солилцоог идэвхжүүлж, тархийг тэжээлээр ханган, бие махбодийг амралтын байдлаас идэвхтэй горимд шилжихэд тусалдаг. Тархи нь хүний биеийн хамгийн их энерги зарцуулдаг эрхтэн бөгөөд өглөөний цай нь түүний глюкозын түвшнийг нөхдөг байна.
Real Simple сэтгүүлд бичсэнээр, зөв өглөөний цай нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, стрессийн гормоныг бууруулан, тухайн өдрийг тайван, төвлөрөлтэй өнгөрүүлэх суурийг тавьдаг. Гэхдээ кофе, круассан зэрэг бүтээгдэхүүн нь энергийг богино хугацаанд ихэсгэж, дараа нь огцом унагах эрсдэлтэй тул нүүрс ус, уураг, өөх тосыг тэнцвэржүүлсэн дараах хүнсийг сонгох нь зүйтэй:
- Өндөг: Шаардлагатай бүх амин хүчлийг агуулсан төгс уураг бөгөөд цатгалан мэдрэмж төрүүлж, тархины үйл ажиллагааг дэмжих В бүлгийн витамин, холин агуулдаг.
- Бууцай: Ургамлын гаралтай төмрөөр баялаг тул эсүүдэд хүчилтөрөгч зөөвөрлөхөд тусалж, цусны эргэлтийг сайжруулдаг нитратууд агуулна.
- Грек тараг: Уураг болон пробиотикоор баялаг бөгөөд хоол боловсруулалт, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, сэтгэл санааг дэмждэг.
- Самар болон үр тариа: Алмонд, хулууны үр, чиа зэрэг нь энергийн жинхэнэ “бөмбөг” бөгөөд энерги ялгаруулах процесст оролцдог магнигаар баялаг.
- Овьёос: Энергийг аажим ялгаруулдаг нийлмэл нүүрс усны эх үүсвэр юм. Жимс, самартай хольж хэрэглэвэл илүү тэжээллэг болно.
- Аарц: Казеин хэмээх удаан боловсруулдаг уураг агуулдаг тул эрч хүчийг хэдэн цагийн турш тогтвортой хадгалдаг. Мөн булчин болон бодисын солилцоонд тустай кальциар баялаг.
- Авокадо: Сайн өөх тос, ургамлын уураг агуулдаг тул энергийн огцом хэлбэлзлээс сэргийлдэг.
Тэнцвэртэй өглөөний цай нь зөвхөн энерги өгөөд зогсохгүй, тархийг илүү тод сэтгэхэд тусалж, стрессийг бууруулж, үдээс хойш хүртэл тогтвортой сэтгэл санааг хадгалдаг.
