Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан шуудангийн шинэ маркны нээлтийн ёслол 2025 оны 5-р сарын 20-нд Зам, тээврийн хөгжлийн яамны “Хөсөг” танхимд болж өнгөрлөө.
Ёслолд оролцсон албаныхан
Нээлтийн арга хэмжээнд:
- Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
- Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр
- “Монгол Шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн
- Агаарын цэргийн командлалын инженер, техникийн албаны дарга, хурандаа Д.Шатаррагчаа нар оролцсон юм.
Түүхэн тэмдэглэл
Монгол Улсын нисэх хүчний эхлэл нь 1925 оны 5-р сарын 25-нд ЗХУ-аас бэлэглэсэн Ю-13 ачааны онгоц анх газардсан өдрөөр тооцогддог бөгөөд энэ өдрийг үндэсний нисэх хүчний үүсэл болохоор үздэг. Тус марк нь “Монгол Шуудан” ХК-ийн 880 дахь бүтээл бөгөөд түүхэн ач холбогдолтой, онцгой бүтээл болж байгааг Б.Билгүүн онцолжээ.
Зам, тээврийн сайдын байр суурь
Сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ:
“100 жилийн настай нисэх хүчний салбар өнгөрсөн хугацаанд эрчимтэй хөгжиж байгааг бид харж байна. ‘Чингис хаан’ олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлсэн зорчигчдын тоо 2.2 саяд хүрлээ. Цаашлаад 2025 ондоо багтаагаад 2.7 саяд хүргэх, 2030, 2035 он гэхэд 8.2 саяд хүргэхээр зорин ажиллаж буй тул хийх ажил их бий.
Хамгийн сүүлд “Hunnu Air” компани Бразил улсад үйлдвэрлэсэн “Embraer 195” загварын 136 хүний суудалтай цоо шинэ онгоцыг оруулж ирсэн. Энэ бол манай улсын хувьд маш том хөрөнгө оруулалт.
Үүнээс гадна орон нутгийн онгоцны буудлыг шинэчлэх, 4C, 4D ангиллын онгоцны буудал шинээр барих ажлыг эхлүүлсэн. Тухайлбал Өмнөговь аймагт “Гурван Сайхан” онгоцны буудал, Ховд, Хөвсгөл аймагт онгоцны буудал барихаар төлөвлөсөн. Саяхан Хэнтий аймгийн Өндөрхаан буюу Чингис хотод 3C онгоцны буудлыг ашиглалтад орууллаа.”
Маркийн мэдээлэл
- Шинэ марк 8,000 хувь хэвлэгдсэн
- “Анхны өдөр дугтуй” хувилбар 580 ширхэг
- Зураачаар н.Нямхүү ажилласан байна