Энэтхэгийн Баруун Бенгал мужид нипах вирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Азийн бүс нутгийн орнууд сонор сэрэмжээ дээшлүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байна. Халдварт өвчин судлалын хүрээнд нас баралтын түвшин 40-75 хувьтай буюу туйлын өндөр эрсдэлтэйд тооцогддог уг вирусийн тархалтыг зогсоохын тулд олон улсын нисэх буудлууд болон авто замын боомтуудад эрүүл мэндийн тусгай хяналт тогтоогоод байна.
Тайланд болон бусад орнуудын авч буй арга хэмжээ:
Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас иргэдэд анхааруулга хүргүүлжээ. Тайландын эрх баригчид Баруун Бенгалаас нислэг хүлээн авдаг гурван гол нисэх буудал дээрээ “Т.8” эрүүл мэндийн маягтыг бөглүүлж, зорчигчдын биеийн халууныг хэмжин, аяллын түүхийг нарийвчлан судалж байна. Халуурах, толгой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд тусгаарлах зааварчилгааг Өвчний хяналтын газраас өгчээ.
Үүний зэрэгцээ Балба улс Энэтхэгтэй хиллэдэг хуурай замын боомтууд болон Катмандугийн олон улсын нисэх буудалд тандалт, үзлэгийг нэмэгдүүлсэн бол Малайз улс олон улсын бүх боомтууддаа эрүүл мэндийн хяналтыг чангатгаж, эрсдэлтэй бүсээс ирэгсдийг онцгойлон хянаж эхэлсэн байна.
Энэтхэг дэх нөхцөл байдал:
Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээгээр өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш Баруун Бенгал мужид хоёр тохиолдол батлагдсан нь хоёулаа эмнэлгийн ажилтнууд байжээ. Хэдийгээр ойрын хавьтлын 196 хүнээс халдвар илрээгүй байгаа ч вирус нь амьтнаас хүнд дамжих өндөр чадвартай, одоогоор эсрэг вакцин байхгүй байгаа нь олон улсын түвшинд ийнхүү түгшүүр төрүүлж байна. Мэргэжилтнүүд зорчигчдыг гараа тогтмол ариутгах, амьтны гаралтай болон бохирдсон байж болзошгүй хүнс хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.
