Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин 2026 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр цаг үеийн тулгамдсан асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө. Тэрээр энэ үеэр гэр хорооллын айл өрхүүдийн дунд угаарын хийн хордлогын эрсдэл өндөр байгааг онцгойлон анхааруулсан юм.
Албаны мэдээллээр, 2026 он гарсаар угаарын хийн хордлогын улмаас нэг иргэн харамсалтайгаар амь насаа алдаад байна. Одоогийн байдлаар хотын хэмжээнд өдөрт дунджаар 5-6 хүн угаартсан гэх дуудлага тогтмол бүртгэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэж буй хэрэг юм.
НЗД-ын орлогчийн мэдээлснээр иргэд угаар мэдрэгчтэй холбоотой дараах хариуцлагагүй үйлдлүүдийг гаргасаар байгаа аж:
- Угаар мэдрэгч дуугарч, аюулыг сануулах үед төхөөрөмжийг шууд унтраах.
- Төхөөрөмжийг гэрээсээ гаргаж хаях эсвэл зориуд эвдэж гэмтээх.
- Дуут дохио өгөхөд агаар сэлгэлт хийхийн оронд төхөөрөмжийг ажиллагаагүй болгох.
“Нийслэлийн 172 мянган айл өрхийг угаар мэдрэгчид бүрэн холбосон бөгөөд одоогоор ердөө 100 орчим өрх л холбогдоогүй үлдээд байна” хэмээн А.Амартүвшин онцоллоо. Гэвч иргэд угаар мэдрэгчээ унтрааж, өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа нь хамгийн том асуудал болоод байгааг тэрээр сануулсан юм. Иймд иргэдийг угаар мэдрэгчийн ач холбогдлыг зөвөөр ойлгож, өөрийн болон гэр бүлийнхээ амь насыг хамгаалахын тулд хариуцлагатай байхыг уриаллаа.
