НүүрОсол хэрэг"Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүссэнийг иргэд...

“Мөнх хотхон”-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүссэнийг иргэд урьдчилан сэргийлж чаджээ

Баяр наадмын өдрүүдэд бага насны хүүхэдтэй холбоотой осол, гэмтлийн дуудлага эрс нэмэгддэг тул эцэг эх, асран хамгаалагчдыг хараа хяналтаа сайжруулахыг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс (ГССҮТ) наадмын өмнөхөн онцгойлон анхааруулсан билээ. Тэгвэл өчигдөр буюу 2026 оны долдугаар сарын 13-ны оройн 21:00 цагийн үед “Мөнх хотхон”-д бага насны хүүхэд тагтнаас унах аюултай нөхцөл байдал үүссэнийг иргэд сонор сэрэмжийнхээ ачаар урьдчилан сэргийлж чадсан байна.

23 минутын турш тагтан дээр ганцаараа аюултай үйлдэл гаргажээ

Тухайн явдлыг нүдээр харсан иргэн өөрийн цахим хуудаснаа бусдад сэрэмжлүүлэг болгох зорилгоор мэдээлэл оруулжээ. Тэрбээр:

“Мөнх хотхоны 7 давхарт бага насны хүүхэд тагтан дээр маш аюултай байдалтай байхыг харсан. Ойролцоогоор 23 минутын турш тагтан дээр ганцаараа нааш цааш хөдөлж, унах шахсан үйлдэл гаргаж байлаа. Хүүхдэд хандан ‘Ор, цаашаа бай’ гэж орилоод нэмэргүй байсан тул гадаа олон хүн цуглаж, би шууд орон сууцны 7 давхрын айлуудын хаалгыг тогшиж эхэлсэн” хэмээн бичжээ.

Ээж нь өөр өрөөнд бага хүүхдээ саатуулж байжээ

Иргэд 7 давхрын айлуудын хаалгыг дараалан тогшсоор эцэст нь хүүхдийн ээжийг олж уулзсан байна. Ар гэрийнхний зүгээс “Бага хүүхэд нь уйлаад байсан болохоор том хүүхдээ хараагүй орхисон байсан. Мөн тагтны хаалгыг хаасан гэж бодож байлаа” хэмээн тайлбарлажээ.

Хүүхдийг аюулгүй болгоход тусалсан иргэн “Ийм хайхрамжгүй үйлдлээс болж хүүхдийн амь нас эрсдэх аюултай. Нэгхэн хоромын анхаарал алдалт нөхөж баршгүй гарз дагуулдаг тул эцэг эхчүүд хүүхдэдээ илүү их анхаарал тавиарай” хэмээн уриалж, тухайн үед хамтран тусалсан иргэдэд талархал илэрхийлсэн байна.

Хийн ажиллагаатай цонх, тагтны хамгаалалт хийгээгүй орон сууцанд хүүхдийг ганцааранг нь үлдээхгүй байх, байнгын хараа хяналттай байлгахыг холбогдох байгууллагуудаас дахин сануулж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд