“Монгол шуудан” ХК-иас “ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд” сэдэвт хоёр дахь ээлжийн маркийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор гүйлгээнд гаргалаа. Өмнө нь 2019 онд Төрийн их хуурч Г.Жамъяангийн ойд зориулан эхний цувралыг хэвлэж байсан бол энэ удаа 2 блок, 6 өөр төрлийн зурагтай маркийг олон нийтэд танилцуулж байна.
Энэхүү түүхэн ач холбогдолтой маркийг бүтээхэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд мэргэжлийн зөвлөгөө өгч, нягт хамтран ажиллажээ. Нээлтийн ёслолд салбарын дэд сайд Г.Дашням болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож, маркийн ач холбогдлыг өндрөөр үнэлэв.
Шинэ цуврал маркт багтсан соёлын өвүүд:
- Монгол тууль болон Хөөмийн гайхамшигт урлаг;
- Үндэсний их баяр наадам болон Гэр урлалын зан үйл;
- Лимбэний битүү амьсгааны уламжлалт техник;
- Ботго авхуулах болон Уул овоо тахих монгол ёсон;
- Хөхүүрийн айраг исгэх өвөрмөц соёл.
Эдгээр соёлын үнэт зүйлсийг уран сайхны аргаар дүрсэлсэн нь Монгол орны оршин тогтнох үндэс болсон зан заншлыг ирээдүй хойч үедээ таниулах, дэлхий нийтэд сурталчлахад чухал хувь нэмэр болох юм. Түүнчлэн шуудангийн марк нь улс орны “нэрийн хуудас” болдог тул энэхүү бүтээл нь олон улсын цуглуулагчдын гар дээр очих соёлын томоохон сурталчилгаа болно.

