Пүрэв, 9 сар 4, 2025
spot_img
HomeБоловсролМонголын боловсролын салбар — 104 жилийн дараа ч хичээлийн шинэ жилд бэлтгэлгүй

Монголын боловсролын салбар — 104 жилийн дараа ч хичээлийн шинэ жилд бэлтгэлгүй

2025-2026 оны хичээлийн шинэ жил эхэлж буй энэ үед улсын хэмжээнд 78,567 хүүхэд нэгдүгээр ангид элсэв. Хүн амын төвлөрөл хамгийн ихтэй нийслэлийн сургууль бүр шахуу ачааллаа дийлэхгүй байгаа бөгөөд түүний тод жишээ нь Баянгол дүүргийн 141-р сургууль юм.

Хэт олон сурагч, хүрэлцээгүй анги

Энэ жил зөвхөн тус сургуульд 630 гаруй сурагч нэгдүгээр ангид элсэж, есөн бүлэг нээсэн байна. Ингэснээр нэг ангид 70 хүүхэд ногдож байгаа нь стандарт болох 40-45 хүүхдээс даруй давсан үзүүлэлт болжээ.

1Г ангийн багшийн хэлснээр: “Бүртгүүлсэн 70 гаруй хүүхдээс өнөөдөр 44 нь ирж, хоёр ширээнд гурван хүүхэд суулгалаа. Хэрэв бүгд ирсэн бол ангид суух ч зайгүй, сандал ширээ ч хүрэлцэхгүй. Зарим нь хувийн сургуульд орсон байгаасай гэж дотроо бодож сууна. Хэрэв бүгдээрээ ирвэл дахин анги нээхээс өөр аргагүй.”

960 хүүхдийн багтаамжтай сургуульд 5000 сурагч

141-р сургууль анх 960 хүүхдийн нормтой баригдсан ч өнөөдөр 5000 гаруй сурагчтай болж, стандартаас тав дахин ачаалалтай ажиллаж байна. Засгийн газар, яамнаас гарсан тодорхой шийдэл өнөөдөр ч алга.

Хоёр хоногийн өмнө Боловсролын сайд Р.Наранбаяр ойролцоох СU дэлгүүрийн байрыг түрээслэж, ангид ашиглана гэж мэдэгдсэн ч хичээлийн шинэ жилийн эхний өдөртөө энэ шийдэл бодит ажил бололгүй хоцорлоо. Сургууль харьяаллын бүх хүүхдээ хүлээн авахын тулд гурван ээлжээр хичээллэж байгаа ч анги танхимын хүрэлцээ дутагдалтай хэвээр байна.

Өмнөх жилүүдэд ч шийдээгүй асуудал

141-р сургуулийн нэгдүгээр ангид жил бүр олон зуун хүүхэд хамрагддаг асуудал шинэ зүйл биш. Өнгөрсөн жил улсын төсвөөр “Коёо таун”-ы барилгыг түрээсэлж өргөтгөл хийсэн ч сургуулийн хэрэгцээг хангаж чадаагүй. Энэ жил ч түрээсийн асуудал оройтож шийдэгдсэн тул багш, ажилчид өөрсдөө офиссын зориулалттай барилгыг анги болгон тохижуулсан байна.

Багш нарын хэлснээр зөвхөн СU салбарыг түрээслэх замаар асуудлыг шийдвэрлэх боломжгүй болжээ.

104 жилийн сургамжгүй түүх

Монголд орчин цагийн боловсролын систем бий болоод 104 жил болж байна. Энэ хугацаанд жил бүрийн есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхэлдэг тогтсон уламжлалтай ч боловсролын салбарын бэлтгэлгүй, зохион байгуулалтгүй байдал дахин давтагдсаар.

Боловсролын сайд Р.Наранбаяр шинэ хүн биш. Тэгвэл боловсролын салбар хэзээ хүүхдүүдээ стандартын дагуу сургах орчин бүрдүүлж, бэлтгэлтэйгээр шинэ хичээлийн жилийг угтах вэ? 104 жил хангалтгүй гэж үү, сайд аа?

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд