Монголбанк Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 12 хувьд хадгалах шийдвэр гаргаснаа танилцууллаа. Энэ талаар тус хорооны хараат бус гишүүн Р.Даваадорж мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр “Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлогын үр нөлөөгөөр инфляц буурч, 6.5 хувьд хүрсэн нь зорилтод интервалын голч дүн рүү дөхлөө” хэмээн онцолжээ. Инфляц буурахад хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлсөн бол сүүлийн үед хүнсний үнийн өсөлт эрчимжиж байгаа нь дарамт үүсгэж байгааг дурдсан юм.
Мөн инфляц ойрын хугацаанд Төв банкны зорилтот түвшинд хадгалагдах төлөвтэй ч шатахуун, мах, хүнсний ногооны үнийн өсөлтөөс шалтгаалан эрсдэл үүсэх боломжтойг тэмдэглэлээ. Эдийн засгийн өсөлт 2025 онд 6.8 хувьд хүрч, хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэрийн салбарууд голлон нөлөөлсөн байна.
Эдийн засгийн төлөвт нөлөөлөх хүчин зүйлс:
- “Оюу толгой”-оос бусад уул уурхайн олборлолтын өсөлт
- Томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн үргэлжлэл
- Алт, зэсийн үнэ дэлхийн зах зээлд өндөр түвшинд хадгалагдаж буй байдал
- Геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал
Р.Даваадорж “Ойрхи Дорнодын бүс нутагт өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн нь дэлхийн эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж, түүхий эдийн үнийн өсөлтийн эрсдэлийг нэмэгдүүлж байна” хэмээн хэлэв. Ийм нөхцөлд инфляц дахин эрчимжих магадлалтай тул бодлогын хүүг өөрчлөхгүй байх шийдвэр гаргасан байна.
