АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон болон түүний гэргий, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар дуулиант хэрэгтэн Жеффри Эпштейнтэй холбоотой Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр оролцохыг зөвшөөрчээ. Олон сарын турш үргэлжилсэн хууль зүйн маргаан болон улс төрийн сөргөлдөөний эцэст талууд ийнхүү хэлэлцээрт хүрсэн байна.
Энэхүү шийдвэр нь Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хороог үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр Клинтоны гэр бүлд эрүүгийн хариуцлага тооцох санал хураалт болохоос ердөө хэдхэн хоногийн өмнө гарсан юм. Хэдийгээр Билл Клинтон 2019 онд шоронд амиа алдсан Эпштейнтэй танил байснаа хүлээн зөвшөөрдөг ч түүний үйлдэж байсан бэлгийн хүчирхийллийн талаар ямар нэгэн мэдээлэлгүй байсан бөгөөд 20 гаруй жилийн өмнө харилцаагаа бүрэн тасалсан хэмээн байр сууриа илэрхийлдэг.
Мэдүүлэг өгөх тодорхой тов хараахан гараагүй байгаа ч энэ нь АНУ-ын түүхэнд онцлох үйл явдал болохоор байна. Учир нь 1983 онд Ерөнхийлөгч асан Жералд Форд Конгрессын хороонд мэдүүлэг өгснөөс хойш анх удаа Ерөнхийлөгч асан хүн ийм алхам хийж байгаа нь энэ юм.
Бүгд найрамдах намын гишүүд давамгайлсан Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хороо өнгөрсөн сарын сүүлээр Ардчилсан намын зарим гишүүдийн дэмжлэгтэйгээр Клинтон нарыг “Конгрессыг үл хүндэтгэсэн” гэж үзэх тогтоолыг баталсан. Үүний дараа буюу 2026 оны хоёрдугаар сарын 2-ны үдэш Билл Клинтоны Тамгын газрын орлогч дарга Анжел Уренья X (хуучнаар Twitter) сүлжээгээр дамжуулан тэднийг мэдүүлэг өгөхөд бэлэн байгааг албан ёсоор баталгаажуулсан байна.
Уренья бичихдээ, “Тэд сайн санааны үүднээс хэлэлцээр хийсэн. Харин хяналтын хороо үүнийг үл тоосон” хэмээн шүүмжилжээ. Тэрбээр цааш нь “Гэсэн ч Ерөнхийлөгч асан, Төрийн нарийн бичгийн дарга асан хорооны өмнө очиж, мэддэг бүхнээ тангараг өргөн мэдүүлнэ. Тэд энэ үйл явдлыг нийтэд хамаарах жишиг тогтооно гэж харж байна” хэмээн тэмдэглэсэн байна.
Клинтоны гэр бүл өмнө нь зөвхөн бичгээр мэдүүлэг өгч, хязгаарлагдмал мэдээлэл өгч ирсэн бол одоо биечлэн ирэхээр болжээ. Тэдний зүгээс энэхүү шалгалтыг улс төрийн зорилготой, ялангуяа Ерөнхийлөгч Д.Трампын нөлөөгөөр өрсөлдөгчөө харлуулах гэсэн оролдлого гэж нэрлэдэг. Гэсэн ч дараах баримтууд мөрдөн байцаалтын явцад олны анхаарлыг татаж байгаа юм:
- Нислэгийн бүртгэл: 2002 болон 2003 онд Билл Клинтон Жеффри Эпштейний хувийн онгоцоор олон улсын дөрвөн нислэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон.
- Гэрэл зургийн баримт: Хууль зүйн яамнаас ил болгосон материалуудад Билл Клинтон Эпштейний эдлэн газарт усан санд сэлж буй болон халуун усны газар мэт орчинд амарч буй зургууд багтсан байдаг.
Эдгээр гэрэл зургийн тухайд Клинтоны хэвлэлийн төлөөлөгч тайлбарлахдаа, эдгээр нь олон жилийн өмнөх үйл явдал бөгөөд Эпштейний гэмт хэрэг ил болохоос өмнө Клинтон түүнтэй холбоогоо бүрэн тасалсан гэж мэдэгддэг. Гэвч Хяналтын хорооны дарга Жеймс Комер “Хэн ч хуулиас дээгүүр байх ёсгүй” гэсэн хатуу байр суурьтай байна.
Клинтоны гэр бүлийн зүгээс Ж.Комерт илгээсэн захидалдаа энэхүү мөрдөн байцаалтыг бодит баримт тогтооход саад болж буй улс төрийн тоглолт хэмээн шүүмжилсэн байдаг. Харин Ж.Комер тэднийг мэдүүлэг өгөх хугацааг санаатайгаар хойшлуулж, хуулийн байгууллагад саад учруулж ирсэн хэмээн буруутгаж байгаа юм.
(Эх сурвалж: BBC)
