Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Бээжинд хийж буй айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Си Цзиньпинд Английн Премьер лигийн “Арсенал” болон “Манчестер Юнайтед” клубуудын тоглолтод ашигласан хөлбөмбөгийн бөмбөгийг бэлэглэжээ.
Mongolnews24.com сайт Sky News телесувгийг иш татан мэдээлснээр, Стармер нь Лондонгийн “Арсенал” клубын үнэнч хөгжөөн дэмжигч бөгөөд тус багийн тоглолтуудыг тогтмол үзэж сонирхдог байна. Харин Си Цзиньпин даргын хувьд “Манчестер Юнайтед” клубыг дэмждэг болохыг Sky News онцолжээ. Эдгээр багуудын хамгийн сүүлийн тоглолт 1-р сарын 25-ны өдөр Лондонд болсон бөгөөд “Манчестер Юнайтед” клуб 3:2-ын харьцаатайгаар ялалт байгуулсан юм.
Кир Стармер нь сүүлийн найман жилийн хугацаанд Хятад улсад айлчилсан Их Британийн анхны Ерөнхий сайд болж байна.
