Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон” энэ жил 10 дахь удаагаа олон улсын хэмжээнд болж байна. 2025 оны тэмцээнд 41 орны 30,000 гаруй хүн оролцож, 500 метрээс 42 км хүртэлх 7 төрлийн гүйлтэд өрсөлдөж байна.
42 км-ийн уралдаанд түрүүлсэн тамирчин
Энэ удаагийн марафоны хамгийн холын зайн буюу 42 км-ийн төрөлд Кени улсын Kiura Denis Mugendi тэргүүн байр эзэлж, түрүүлсэн байна.
“Улаанбаатар марафон 2025” тэмцээний онцлогууд
- Оролцогчдын тоо: 41 улс, 30,000 гаруй гүйгч
- Гүйлтийн төрлүүд: 500 м, 1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км болон тусгай олимпын төрөл
- Шинэ маршрут: 5 км, 21 км, 42 км-ийн гүйлтийн зам шинэчлэгдсэн
- Сайн дурынхан: 450 залуус зохион байгуулалтад оролцож байна
- Технологи: RFID систем ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэж, зургаар баталгаажуулна (Hipay компанийн шийдэл)
10 жилийн ойн арга хэмжээнүүд

- Спорт, урлагийн хөтөлбөр
- Эрүүл мэндийн үйлчилгээ, хоолны үйлчилгээ
- Марафоны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Соёлын төв өргөөний ар талд дэлгэгдэж байна
Хотын даргын мэндчилгээ
Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэлэхдээ: “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн. Энэ жилийн хувьд марафоны 10 жилийн ой тохиож байгаа онцлогтой… Өсвөр, залуу үеийнхэн маань өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюуны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх гүйлтийн спортыг сонирхож, хичээллэхийг уриалъя.