Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмИрэх жилүүдэд хэрэгжих эрчим хүчний томоохон төслүүд

Ирэх жилүүдэд хэрэгжих эрчим хүчний томоохон төслүүд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станцын (УЦС) төслийн талбайд ажиллаж, уг бүтээн байгуулалтын явц, ач холбогдлыг онцолжээ. Энэ төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдэж, Монгол Улсын төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, ОХУ-аас хамааралтай байдлыг бууруулах стратегийн ач холбогдолтой хэмээгдэж байна.

Эгийн голын УЦС нь анх 1964 онд яригдаж эхэлсэн бөгөөд 1991 онд албан ёсны шийдвэр гарч, 1992-1997 онд олон улсын байгууллагуудын оролцоотой ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулж байв. Гэсэн ч улс төрийн тогтворгүй байдал, Засгийн газрын өөрчлөлтүүдээс үүдэн төслийн хэрэгжилт олон удаа зогсонги байдалд орсон юм.

2018 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-т энэхүү төслийг стратегийн нэгдүгээр зорилтод багтаасан бөгөөд 2025-2026 онд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг олон улсын стандартын дагуу гүйцэтгэж, 2026 оны эхний хагаст эцсийн дүгнэлт гаргахаар Монгол-Оросын ажлын хэсэг тохиролцоод байна. Төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн өмнө шаардлагатай судалгаануудыг хийж, 2032 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байна.

Эрчим хүчний салбарт 2025 онд нийт 4.2 их наяд төгрөгийн улсын хөрөнгө оруулалтын 8 хувийг зарцуулахаар тусгасан. Төр болон хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих гол төслүүдийг тоймлон хүргэж байна:

Эрчим хүчний томоохон төслүүдийн жагсаалт:

  1. Таван толгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц (2024–2028)
    • Хөрөнгө оруулалт: 2.3 их наяд төгрөг
    • Үүнээс 460 тэрбум төгрөгийг төрөөс, 1.6 их наядыг хувийн хэвшлээс
    • Эх үүсвэр: Монгол
  2. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын УЦС (2021–2028)
    • Хөрөнгө оруулалт: 855 тэрбум төгрөг
    • Эх үүсвэр: БНХАУ-ын зээл
  3. Эгийн голын 310 МВт-ын УЦС (2024–2032)
    • Хөрөнгө оруулалт: 3.7 их наяд төгрөг
    • Эх үүсвэр: Төр, хувийн хэвшлийн түншлэл
  4. Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрүүд (2024–2028)
    • Хөрөнгө оруулалт: 1.3 их наяд төгрөг
    • Эх үүсвэр: 211 тэрбум төгрөгийн зээл
  5. Арван аймагт дулааны цахилгаан станц барих (2023–2025)
    • Эх үүсвэр: БНСУ-ын Экзим банкны 110 сая ам.долларын зээл
    • Хэмжээ: Тодорхойгүй
  6. III цахилгаан станцыг өргөтгөх, шинэчлэх зураг, төсөл
    • Хөрөнгө оруулалт: 4.8 их наяд төгрөг (1.5 тэрбум евро)
    • Санхүүжилт: ОХУ-ын 2% хүүтэй зээл, Монголын талын 15% буюу 199 сая еврогийн оролцоо
    • Эргэн төлөх нөхцөл: 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа – 5 жил

Дээрх төслүүд амжилттай хэрэгжвэл Монгол Улс эрчим хүчний хараат байдлаасаа ангижирч, үйлдвэрлэл, аж үйлдвэр, айл өрхийн хэрэглээг дотоодоос хангах чадавхтай болох юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд