Хятад улс Оросын иргэдэд нэг жилийн хугацаатай туршилтын визгүй горим нэвтрүүлэхээр болжээ гэж 9-р сарын 2-ны мягмар гарагт Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Го Жякунь мэдэгдэв. Түүний хэлснээр, оросууд Хятадын нутаг дэвсгэрт 30 хоног хүртэл хугацаагаар оршин суух боломжтой бөгөөд визгүй горим 9-р сарын 15-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
Хятад руу явахад ОХУ-ын иргэд зөвхөн хүчин төгөлдөр гадаад паспорттой байх шаардлагатай. Визгүй нэвтрэх нь бизнес, аялал жуулчлалын зорилгоор, мөн төрөл төрөгсөд, найз нөхдөө зочлох, эсвэл солилцооны хүрээнд боломжтой.
Өмнө нь Оросын иргэд Хятадад ганцаарчилсан аялал хийхийн тулд заавал виз мэдүүлэх шаардлагатай байсан. Харин Хонконг, Макао зэрэг зарим онцгой бүсэд визгүй зорчих боломжтой байв. Мөн 2023 оноос эхлэн Орос, Хятад хоёр улсын хооронд визгүй бүлгийн аяллын хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд ОХУ-ын иргэд Хятадаар дамжин өнгөрөхдөө визгүй транзит ашиглах боломжтой байжээ.
АНУ-ын The Washington Post сонин 7-р сард мэдээлснээр, Хятад улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд 74 орны иргэдэд 30 хүртэл хоног визгүй зорчих эрх олгосон байна. Тухайн үед Орос энэ жагсаалтад ороогүй байсан бол Германы иргэд 2023 оноос эхлэн Хятадад визгүй зорчих боломжтой болсон юм.
8-р сарын 31-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад дөрвөн өдрийн айлчлал хийж, 9-р сарын 2-нд Бээжинд БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзжээ. Хоёр орны удирдагчдын хэлэлцээний үр дүнд эрчим хүч, хиймэл оюун ухаан, сансар судлал болон бусад салбарт хамтран ажиллах 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан талаар Хятадын Төв телевиз мэдээлэв.